Friday, August 25, 2017

PACMAN~ы тухай тvvх

2367 он билээ, хүн төрөлхтөн сая л нэг холхи хязгаарт сансар судлалын экспедицийг илгээх боломжийг олгож чадахуйц технологийг боловсруулаад байсан үе юм. Гэхдээ, хөлгийн багийнхныг эх дэлхий дээрээ эсэн мэнд авчрах даалгаврыг гол шаардлага болгосон хөтөлбөрийг эцсийн байдлаар батлах хүртэл цөөнгүй осол эндэл гарсан байна.

Тэдний нэг нь PAC систем байлаа ~ Personal Automatic Cryo~stasis System буюу хувийн Автомат Хөргөлтийн Систем. Судлаачдыг скафандар өмсгөлд нь тусгайлан суурилуулсан системийн тусламжтайгаар тэднийг крайоженик байдалд оруулах болно. Өөрөөр хэлбэл энэ нь хөлгийг өөрийгөө, аль эсвэл дэлхий дээрх удирдлагын төвөөс түүнийг жолоодож байх хооронд хөлгийн багийнхан эх гариг дээрээ аюулгүй ирэхэд тус болох систем юм.

Дэлхийн Ерөнхийлөгчөөр шаардлагатай баримт бичгүүд дээр гарын үсэг зуруулсны дараахан сансрын нисгэгчдийн багийг тэд бүрдүүлжээ. Технологийн Академиас сонгогдсон таван зоригт залуус. Тэд бүгд өөрсдийн амь амьдралыг тусгай даалгаврыг амжилттай бүтээхийн төлөө зориулахад бэлэн байсан юм.

Хөлгийг хөөргөх ажиллагаа амжилттай боллоо! Ингээд хөлгийн багийнхан хамгийн ойрын од болох Альфа Сентаури руу хүрэх замдаа гарцгаасан байна. Тэд нарны аймгаас ямар ч саадгүйгээр гарч чаджээ, тэгээд тэд удалгүй хөлгийн байр байдлыг хянах, мэдээлэл цуглуулах, судалгаа хийх зэрэг ээлжийн ажлын цагийн хуваарьт аажмаар шилжлээ. Товчхондоо бол хөлгийн тавцан дээрх амьдрал хялбархан байлаа.

Харин очих ёстой газраа хүрэхийн өмнөхөн тэдэнд асуудал тулгарлаа! Хөлөг ямар нэгэн объекттай мөргөлдсөн байна, илрүүлэхэд хэтэрхий жижиг шигээ адил тойрч гарахад дэндүү хурдан объект. Хөлгийн зарим хэсгүүдэд гэмтэл гаржээ, тухайлбал холбоо тасалдаж, тэжээлийн хэсгүүд хяналтаас гарсан байна. Багийнхан цуглаж, өөрсдийн бүхий л боломжоог ашиглаж, хөлөгт гарсан гэмтлийг засварлахаар хичээн ажиллав. Гэвч хэдий их хичээв ч системийг тэд засч чадсангүй. Айдас хүйдэс, мөн цөхрөл багийнхныг эзэмдэж эхэллээ ...

Хэдийгээр тэдний аялал үргэлжилсэн хэвээр байсан ч бүх зүйл хэвийн гэсэн бодол сарнин алга болсон байлаа. Тийнхүү цаг мөч өнгөрөх тусам, тэд өөр хоорондоо маргалдах нь нэмэгдэж, уур уцаартай байх нь элбэг боллоо. Тэдний нэг нь бүх л анхаарлаа судалгаандаа зориулж эхэлсэн бол нэг нь хөлгийн тавцангаар ганцаар гиеүрч, бусдаас өөрийгөө бүрэн тусгаарлажээ. Гурав дахь нь зөвхөн өөртэйгөө, аль эсвэл найзтайгаа л ярина. Дөрөв дэх нь адайр зан гаргаж, бусдыгаа заналхийлнэ. Харин тав дахь нисгэгч нь эмэнд донтжээ.

Нэгэн гайтай өдөр хөлөг дахин мөргөлджээ! Түрүүчийн мөргөлдөөн хөлгийг чигийг үл ялиг өөрчилсний улмаас хөлөг өөдөөс нь ирэх тэнүүлч солирыг угтан явж байсныг хэн мэдэх билээ. Уг ослоос хөлөг бүтэн үлдсэн ч гэмтэл түүнийг тойрч гарсангүй. Багийнхан энэ удаад яах учраа олсонгүй.

Багийн нэг гишүүн нас баржээ. Осол болох үед түүний харж байсан микроскоп нь нүдээр нь орж тархийг нь гэмтээсэн байна. Нэг нь хана хүчтэй мөргөсний улмаас толгойдоо гэмтэл авжээ. Сэтгэхүйд нь өөрчлөлт орсны улмаас хэлээ тэр тас хазаж орхиж. Өөр нэг нь тэндээс гарах цорын ганц арга зам бол өөрийнхөө амийг хорлох юм хэмээн найздаа хэлсэн ба анхны тусламжийн хайрцаг дотор байсан мэс заслын хутгаар хоолойгоо хэрчсэн байна.

Харин амьд үлдсэн сүүлийн хоёр нисгэгчид ширээний ардаас нэг нэгэн рүүгээ чимээгүй ширтэлцэн хэсэг сууцгаалаа. Гэнэт түрэмгий ааштай нисгэгчийг ширээний ардаас үсрэн босоход сүүлийн нисгэгч тасалгааны гарч хөлгийн корридоруудаар зугтаж эхэллээ. Харин тэр эцэст нь туннелийн төгсгөлд байрлах агуулах руу орж хаалгыг нь хаах үедээ араас нь алахаар хөөж байсан нисгэгчийн гарыг тас татжээ. Удалгүй дөрөв дэх нисгэгч цус алдаж үхжээ.

Гэвч түүх ингээд дууссангүй. PAC систем нисгэгч болгон дээр идэвхижсэн байна. Харамсалтай нь систем тэднийг аврахаас одоо нэгэнт дэндүү оройтсон гэдгийг та мэднэ. Ганцаараа үлдсэн нисгэгч цөхрөл, шаналалаа дийлж чадалгүй ууж байсан эмэндээ улам гүнзгий донтжээ. Дахиж эм олохын тулд хоргодож байсан газраасаа гарахаас өөр аргагүй болов. Тэгээд тэр аймшигтай дүр зураглалыг олж харсан нь хамтрагчийнх нь цогцос PAC системийн тусламжтайгаар хөлгийн корридуудаар нааш, цааш холхилдож байсан явдал юм.

Удалгүй мань нисгэгч эм хайн хөлгийн нарийхан корридоруудаар явах болсон ба солиорсон ой ухаан нь түүнд нөхдийнх нь цогцоснууд өөрийнх нь ардаас элдэн хөөж байна хэмээн итгүүлж эхэлсэн байна. Харин эмээ хэрэглэсэн үед ухаан нь өөр дээр нь ирж, ардаас нь "хөөх" цогцоснуудаас айх шаардлагагүй гэдгийг ухаарна. Гэвч хэзээ нэгэн өдөр бүх эм нь дуусах нь лавтай ...

Харин сансрын хөлөг дэлхийд хэзээ ч буцаж ирээгүй юм.

Credits to /u/FFF12321

Уг нь энэ бол яг албан ёсны зохиол биш л дээ. Гэхдээ redditor FFF12321~ын энэхүү fanfic түүх үнэхээр догь болсон учраас ... миний хувьд үүнийг canon буюу жинхэнэ түүх нь хэмээн итгэхээр шийдлээ нтр.

4 comments: