Тэд хэн бэ? #3 | Зомбинууд!

Видео тоглоомын ертөнцийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

"Half Life 3"-ыг тойрсон нууцууд

2007 оноос хойш өнөөдрийг хүртэл интернетэд тавигдсан уг тоглоомтой холбоотой мэдээллүүдийг нэг дор багцлан хүргэж байна.

Tuesday, October 8, 2013

'FALLOUT 3' ирээдүйг зөгнөсөн үү?

Гурван жилийн өмнө ийм нэгэн мэдээлэл интернетэд тархаж, тухайн үедээ видео тоглоомын ертөнцийг багагүй сандаргаад авсансан. Мэдээж хэрэг үүнд итгэхэд их хэцүү л дээ. Гэхдээ л тоглоомын ертөнцөд хүмүүсийг олноор нь хуйлруулж дөнгөсөн цуу яриануудын жагсаалтыг нэгээр нэмж чадсан юм. Bethesda-ын зүгээс ч гэсэн тэд ердөө тоглоом тохуу хийгээд л өнгөрсөн гэдэг. Гэвч мэдээгүй нэгэнд нь зориулаад уг сонирхолтой мэдээллийг оруулж байна.

Ингээд тэр үед FalloutWiki форум дээр нийтлэгдэж байсан доорх постыг орууллаа. Мөн бүрэн эхээр нь орчуулсан байгаа болохоор томруулдаг шил хайх гэсний хэрэггүй шүү :)

Fallout 3. Уг тоглоом дотор хэд хэдэн радио станцууд бий. Тэдний дундаас хамгийн чухал бөгөөд голлох үүргийг Галакси Ньюс Радио гүйцэтгэдэг юм. Тэгээд бас уг станцын хөтлөгч Трий Догийг хөнөөж орхивол түүнийг Маргарет гэдэг өөр нэгэн хөтлөгч орлодгийг санаа муутай тоглогчид альхэдийнээ анзаарсан байх. Гэхдээ тэр Три Догийг бодвол сэтгэл хөдөлгөөн багатай, бусдын анхаарлыг татах тал дээр маруухан шигээ мөн дүнсгэр бас уйтгартай нь аргагүй ярьдаг байлаа. Яг л тэрээр өөрийн шинэ ажилдаа дургүй байгаа юм шиг л. Мөн Маргерат нь биеэрээ гарч ирдэггүй болохоор түүнийг хөнөөнө гэдэг боломжгүй хэрэг юм. Ингээд нэгэнт Три Дог нас барсан бол та үүрд мөнх, өөрөөр хэлбэл үлдсэн тоглолтынхоо туршид Маргаретын уйтгартай хоолойг сонсох болж байна даа.

Гэхдээ зарим нэг тун онцгой тохиолдолд GNR радио нь 'number station' (өөрөөр хэлбэл дуут дохио дамжуулдаг) станц болон хувирдгийг тоглогчид тэр бүр мэддэггүй. Ийм станцууд нь сонссон хэн бүхний тайлж уншиж чадахааргүй нууцлаг дохионуудыг дамжуулж байдаг юм. Бодит амьдрал дээр ч гэсэн иймэрхүү станцууд олон байдаг шүүдээ, тэдний зарим нь цөмийн пуужингийн удирдлагын сүлжээтэй холбогдсон байдаг ч гэж ярьдаг юм билээ. Энэ талын мэдээллүүдийг авахыг хүсвэл та бүхэн Wikipedia-аас сонирхоорой. (Мөн миний блог дээрх УВБ-76 нийтлэлийг уншиж бас болно шүү). Одоо харин Fallout 3-руугаа эргэн орцгооё ...

Тэгэхээр, яг ямар тохиолдолд ийм төрлийн дуут дохиог сонсч болохыг тоглогчид сайн мэдэхгүй байгаа юм л даа. Ямартай ч Три Догийг эхлээд хөнөөх хэрэгтэй болж байна, учир нь түүнийг амьд байх явцад ийм дохиог олж сонссон тоглогчид байдаггүй аж. Мөн 'Galaxy News Radio' гэдэг quest-ийг алгассан тохиолдолд, заримдаа уг дохио сонсогддог гэнэ. Уг даалгаврын тухайд бол та ердөө л харилцан яриандаа анхаарлаа хандуулснаар аль эсвэл FalloutWiki-ийн тусламжтайгаар алгасах бүрэн боломжтой юм. За тэгээд цааш нь тоглоомын үндсэн даалгаврыг биелүүлж явсаар хамгийн эцэст нь Равен Рокыг устгах хэрэгтэй болно. Энэ бол GNR станцыг үлдсэн тоглолтын туршид дохио дамжуулах станц болгоход нөлөөлдөг гол хүчин зүйл болдог нь сонирхолтой. Гэхдээ дээрх гурван үйлдлийг (Три Догийг хөнөөх, 'Galaxy News Radio' quest-ийг алгасах, Равен Рокыг устгах) хийсэн ч гэлээ GNR радио урьдын адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэсэн гомдол тоглогчдын зүгээс цөөнгүй ирсэн юм. Тэгэхээр, хийх шаардлагатай өөр зүйлс байж таарах нь дээ, мөн удахгүй тоглогчид үүнийг олж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв таныг аз дайрч бүх зүйлийг зөв хийсэн бол, Равен Рокыг устгасны дараагаар танд 'Radia signal lost' гэсэн мессеж ирэх ёстой. Тэгээд хэдхэн секундын дараагаар 'Radio signal found' гэсэн бас нэгэн мессеж ирнэ. Нэгэнт та GNR-ийн тавган антеннийг Вашингтоны хөшөөн дээр суурилуулаагүйгээс хойш Равен Рокын үүднээс та GNR-ийн радио долгионыг барьж авч чадахгүй. Гэхдээ аз болоход Равен Рок өндөр уулсын дунд байдаг тул дээш авирч гараад өндөрлөг газраас радио долгионыг барьж авч бас болох юм.  Ингээд GNR-ын нууц дохио бүхий долгионуудыг илрүүлж болох байрлалуудыг бичье :

1. DC орчмын газрууд, энэ бол гарцаагүй ...
2. Нэг арал дээр байдаг Феррис Виилийн орой дээрээс барьж авах боломжтой. Гэхдээ нэрийг нь би сайн санахгүй байна. (Магадгүй тэр газар нь 'Point Lookout' DLC дээр гардаг алсын харагч байж мэдэх юм.)
3. Газрын зургийн баруун хойд хэсэгт байрлах Ситком антеннуудын орой дээрээс.
4. Тенпеннийн Цамхагийн орой дээрээс. Уг газар нь станцийн дундаж хамрах хүрээнд багтдаг юм. Гэхдээ та нар шалгаж үзээд надад хариу хэлээрэй.
5. Арефу хавийн эвдэрхий гүүр ... гэхдээ энэ газар нь станцийн өргөн хамрах хүрээнд байрладаг болохоор эндээс дохиог олж сонсох нь бас л эргэлзээтэй.
6. Равен Рокын ойр орчмын уулс толгодуудын дотроос хамгийн өндөр хэсэгт нь авирч гарснаар дохиог барьж авч болдог нь их сонин шүү. Мөн GNR станцын долгионыг та хамгийн хялбараар мөн хамгийн түрүүнд эндээс л сонсох боломжтой.

Ингээд та долгионыг барьж авангуут, эргээд танд танил дуу хоолойг сонсогдох болно ... Три Дог! ... уг нь бол та түүнийг хөнөөсөн шүүдээ. Гэхдээ, та түүнийг нэг л өөр болсон байгааг анзаарч бас болох юм, дүрдээ ороогүй гэх юмуудаа. Мэдээж хэрэг дуу оруулагч жүжигчин нь Эрик Деллумс өөрөө мөн байлаа. За энэ ч яахав, тэр тэгээд хэдэн тоонуудыг хэлэх болно. Мөн түүний хоолой нэгэн хэвийн мөртлөө их л дарамттай сонсогдож байгааг мөн анзаарч болох юм. Нэг оронтой тоонуудыг тэр 9-12 удаа давтан хэлнэ. Тухайлбал : 'ес-гурав-долоо-ес-нэг-долоо-хоёр-тэг-гурав-дөрөв.' гэх мэт. Харин 'арван нэг' ч юмуу эсвэл 'дөч' зэрэг олон оронтой тоонуудыг ер хэлэхгүй шүү. Тэгээд дараагаар нь Морс дохио явж эхэлнэ. Ингээд дараагаар нь 'I Don't Want To Set The World On Fire.' дуу эгшиглэж эхэлнэ дээ. Өөр бусад ямар ч дуунууд эдгээр дохиот станцууд дээр гарахгүй гэж мэд.

Морз кодны тухайд бол энэхүү тааврын хамгийн хялбархан хэсэг нь байсан юм. Мэддэг хүмүүс ч их олон байдгаас гадна цээжээрээ хүртэл мэддэг хүмүүс цөөнгүй байлаа. Ингээд удалгүй бид тэдгээр кодуудыг хөрвүүлж үзэхэд, 'Өнөөдөр би машинаа угаалаа, оройн хоолонд Хятад хоол идэх үү' эсвэл 'Чи Youtube-ийн бичлэгийг маань үзэв үү, тэнд би хэн нэгний өгзгийг өшиглөж байгаагаа оруулсан' гэх зэрэг инээдмийн өнгө аястай өгүүлбэрүүд гарч ирсэн юм.

Магадгүй та, 'Хүлээгээрэй, Fallout-ын ертөнцөд Youtube байхгүй шүүдээ' гэж гайхаж байж болох юм, таны зөв. Миний ойлгосноор бол тэдгээр мессежүүд нь бидний одоогийн амьдарч буй энэ цаг үетэй холбоотой юм шиг санагдсан.

Мөн зарим мессежүүд нь жаахан муу ёрын гэмээр санагдсан шүү, тухайлбал, 'Өнөөдөр хатан хаан нас барлаа. Дэлхий даяараа гашуудаж байна, Британичууд бид цөм эмгэнэн гашуудаж байна.' эсвэл 'Тэд үнэхээр үүнийг хийсэн гэдэгт итгэх арга алга. Тэсч чадахгүйнээ, энэ дуу чимээг. Би үнэхээр тэсч чадахгүй нь. Дээврийн хөндийд надад гар буу бий.' гэсэн мессежүүд гарч ирж байсан юм.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тун саяхан, WikiForums-ын нэгэн тоглогч Морз кодноос англи хэлрүү эдгээр мессежүүдийг хөрвүүлж байх явцдаа нэгэн хачирхалтай давхцлыг олж ажигласан байна. Тэрхүү мессеж нь, '1-2-5-5-2-8-2-0-1-0. Чи ингэхэд юу яриад байнаа? Чи алдах болно шүүдээ.' гэсэн мессеж байсан юм. Энэ нь саяхан нас барсан жүжигчин Гари Көүлмэний нас барсан он сар өдөр, бас цаг минуттай нь яг таг давхцаж таарсан нь үнэхээр хачирхалтай. Тоглоомын хувьд тэр явдлаас бараг л жилийн өмнө худалдаанд гарсан шүүдээ.

(Жүжигчин Гари Көүлмэний үхэл : эх сурвалж)

Тэгээд тэр тоглогч дараагийн мессежийг тайлж уншаад бүр шоконд орсон гэдэг. Мессеж : '9-4-5-4-2-0-2-0-1-0. Тэнгисийн буланд осол гарлаа, олон хүн нас барлаа. Газрын тосны цооног цоорсон, тос асгарч байна.' гэсэн байлаа. Гэтэл энэ өдөр буюу 2010 оны 4-р сарын 20-ны 9 цаг 40 минутанд 'Deepwater Horizon'-нд дэлбэрэлт болсон юм шүүдээ.

(Deepwater Horizon-ы осол : эх сурвалж)

Энэхүү постоос хойш эдгээр тоонууд нь он сар өдрийг илэрхийлж байна гэдэг нь тодорхой болов. Мөн тэмдэглэгээний хувьд тэд бүгдээрээ цэргийн форматаар тэмдэглэгдсэн байлаа.

Мэдээж хэрэг тоглогчдын хувьд дээрх постоос хойш уг мессежүүдийг илүү нарийвчлан судлах болсон юм. Харин мессежүүд дээрх ихэнх үйл явдлууд тоглоомыг худалдаанд гарснаас хойшхи цаг хугацааг заасан байхад зарим нэг нь өнгөрсөн үеийг хэлж байлаа. Тухайлбал, '22:15, 4-р сарын 15, 1865. Тэр үхчихлээ, одоо хүмүүсийн хараал зүхэл өнөөх жүжигчин Бүүт дээр ирнэдээ. Жонсон төлбөрөө төлөлгүй намайг мэхлэх хэрэггүй л байсан юмдаа.' гэсэн мессеж байв. Энэ нь Линкольны нас барсан өдөртэй таарч байгаа нь мөн сонирхолтой.

Удалгүй форумын гишүүдийн дунд уг цуурхал салхи шуурга шиг л тарж эхэлсэн ба энэ талаар мэдээ нийтэлсэн байтугай уншсан гишүүдийг хүртэл модераторууд нь ялгалгүй бандаж эхэлсэн байна. Тэгээд FalloutWiki дээрх тэдгээр станцуудтай холбоотой бүхий л мэдээ, постуудыг устгаж эхэлсэн ба дахиж энэ талын мэдээлэл оруулахаас нь сэргийлж шүүлтүүр тавьсан байлаа. Үүний дараагаар форумын зарим гишүүд э-мэйлээр мэдээлэл солилцож үлдсэн мессежүүдийн заримаас нь тайлсан юм.

'Өнөөдөр хатан хаан нас барлаа. Дэлхий даяараа эмгэнэн гашуудаж байна, Британичууд бид цөм гашуудаж байна.' 4:02 цаг, 3-р сарын 19, 2014 он.
'Бритни Оскар авсанд итгэж чадахгүй нь.' 21:33 цаг, 2-р сарын 27, 2023 он.
'Тэд үүнийг хийсэн гэдэгт итгэх арга алга. Уг нь тэдэнд анхааруулсан юмсан, гэтэл тэд шинжлэх ухааны хил хязгаарыг давж гарлаа. Дуу чимээ. Энэ дуу чимээг тэсэх арга үнэхээр алга. Бас энэ гэрэл, тэнгэр минь! Ертөнц биднийг тойроод нуран унаж байна. Үхлээ би хүлээж чадахгүй нь ээ. Надад дээврийн хонгилд гар буу бий.' - Энэ мессежний хувьд ямар нэгэн тоогүй дангаараа бичигдсэн байна.

Харин мессежнүүдийн хамгийн сүүлчийн он сар өдөр нь 1:27 цаг, 7-р сарын 6, 2027 он гэсэн байжээ.

Эх сурвалж : http://message.snopes.com/showthread.php?t=62673
http://img33.imageshack.us/img33/3845/strangefalloutinfoforwa.jpg

Monday, October 7, 2013

#4 | Dark Brotherhood (The Elder Scrolls)

Dark Brotherhood буюу Харанхуйн ах дүүсийн бүлгэм (хойшид товчлоод 'Харанхуйн Бүлгэм' гэе ... аль эсвэл 'Харанхуйн Ахан Дүүс'). Тэд бол асар өндөр түвшинд бэлтгэгдсэн ассассинууд буюу хөлсний алуурчдаас тогтсон эртний нэгэн бүлгэм билээ. Зөвхөн тэд 'The Black Sacrament' буюу 'Хар Тахилын Ёсон'-г гүйцэтгэсэн нэгэнд нь зориулж өөрсдийн үхлийн үйлчилгээг санал болгодог юм ... 

Харанхуйн бүлгэмийг чи зогсоож дөнгөхгүй. Хичээгээд ч чадал чинь хүрэхгүй гэж мэд. 

Эрт нэгэн цагт өөрсдийн үйл хэргээр тэд Тамриел даяар цуутай байлаа. Мөн олон зууныг тэд хамтдаа элээж  өөрсдийн сүр хүчээр бүхнийг эрхэндээ оруулдаг байсан цаг саяхан мэт. Гэвч цаг хугацааны эргэлтэнд тэдний алдар нэр нь нэгэнтээ мохжээ. Гэсэн ч тэд хэзээнээс Таван Тенет-ийн дүрмийг хууль болгон дээдэлдэг хэвээрээ гэнэ ...

Таван Тенет

Тенет 1 :  Шөнийн Эх Дагина-ыг хэзээ ч бүү үл хүндэтгэ. Тэгж гэмээнэ Ситис-ийн уур хилэнг бадраах вий.

Тенет 2 :  Харанхуйн Ахан Дүүсээсээ хэзээ ч битгий урва, мөн тэдний нууцсаас. Тэгж гэмээнэ Ситисийг чи хилэгнүүлэх вий.

Тенет 3 : Харанхуйн Ахан Дүүсийн удирдагчаас авсан үүрэг даалгаврыг хэзээ ч бүү умарт. Тэгж гэмээнэ Ситисийн хараал чамайг идэх вий.

Тенет 4 : Харанхуйн Ах эсвэл Харанхуйн Эгчийнхээ өмч хөрөнгийг хэзээ ч бүү хулгайл. Тэгж гэмээнэ Ситисийн хараанд чи өртөх вий.

Тенет 5 :  Харанхуйн Ах болон Харанхуйн Эгчийгээ хэзээ ч бүү хөнөөхтүн. Тэгж гэмээнэ Ситисийн цээрлэл чиний толгой дээр буух вий.

[Т]үүх.

Анхны сонсогч.

2 дахь эриний 4-р зуун билээ. Энэ бол хамгийн сүүлчийн Шөнийн Эх Дагина Бравил-д аж төрж байсан үе юм. .... Ситис нэгэнтээ түүн дээр залрахад, дунмер бүсгүй түүний 5 хүүхдийг тээж үлдсэн юм гэдэг. Удалгүй аймшигт хэрэг явдал тохиолдож дунмер бүсгүй Бравилын ард иргэдийн гарт хэрцгийгээр алагджээ ... байшин гэр нь тэгээд үнс нурам болж өнө мөнхөд газрын хөрснөөс шатаж үгүй болжээ ... Харин гучин жил өнгөрөхөд урьд хожид нэр ус нь дуулдаж байгаагүй нэгэн эрхмийн чихнээ учир битүүлэг үгс сонсогдож эхэлсэн байна. Гэвч энэ бол Ситис бус Шөнийн Эх Дагины өөрийнх нь намуухан дуу хоолой байлаа. Өнөөх эрхэм тэгээд ертөнцийн анхны сонсогч болсон билээ.

Сонсогчид гэдэг нь Хар Гар-ны толгойлогчид юм. Тэд Шөнийн Эх Дагины үгсийг хүний хэлнээ хөрвүүлж, Хар Тахилын Ёсонг үйлдсэн хэн бүхний хүсэлтийг Харанхуйн Ах Дүүст дамжуулдаг байна. Эхлээд тэр гэрээ хэлэлцээрийн тухай, мөн захиалагчийн хүсэлт шаардлагын талаар Яригчдад дуулгана. Харин Яригчид түүнийг нь 'Харанхуйн Ах Дүүс'-ийн бүлгэмийн алуурчдад дамжуулах болно.

Мөн Сонсогчид 'Хар Гар'-наас гадна 'Харанхуйн Ахан Дүүс'-г тэд давхар удирдана. Хэнийг элсүүлэх, хэнийг хэргэм зэрэг ахиулах вэ гэдгийг ганцхан тэд л шийдвэрлэнэ. 

Харин Яригчид нь Хамгаалагч-дын дараагаар гуравдугаарт орох хэмжээний том хүмүүс билээ. Тэд дороо Silencer буюу Үг дуугүй болгогсод, тодруулж хэлбэл алуурчдыг захирах болно.

Хамгаалагчдын тухайд гэвэл тэд Шөнийн Эх Дагиныг хамгаалж байдаг тул тэдний ажил үүрэг хамгийн хүндтэйд тооцогдоно. Хэрэв та Цицерог мартаагүй бол, тэр тэдний нэг нь юм.

Одоо та мэдэж авлаа шүүдээ, 'Харанхуйн Ахан Дүүсийн Бүлгэм'-г 'Хар Гар'-ны зөвлөл удирддаг болохыг. Харин 'Хар Гар'-ны зөвлөл нь нэг сонсогч дөрвөн яригчдаас бүрдэнэ. Бас мэдээж хэрэг хумс, сарвуу байхгүй бол араатан амьтан яана билээ, тэдгээр хумснуудыг нь та Silencer-үүд буюу алуурчид гэж тооц.

Хоёрдугаар Эрин.

Тэднийг, харанхуйн алуурчдыг Мораг Тонг-с үүсэлтэй гэлцдэг.  Мораг Тонгчуудын хувьд ихэвчлэн шашны зан үйлийг хийдэг байлаа. Мөн тэд Даэдра-г шүтнэ, ялангуяа Мефала-г. Тэгээд хийсэн аллага бүр нь Даэдрикийн хунтайж Мефалаг улам илүү хүчирхэг болгоно гэдэгт тэд итгэдэг байв. Тэдний хохирогч нь чухал хэрэгцээтэй хүн байх тусмаа алдар нэр тэдний талд төдий хэмжээгээр ирнэ гэдэгт тэд найдаж байсан юм. Нэгэнтээ тэд одоогийн Элсвеир дэх Сенешалын вант улсад  Реман Сиродил III-ын ойрын туслах Версидю Шаиэ-г хөнөөх үед, Шөнийн Эх Дагина хохирогчийн цусаар 'Мораг Тонг' гэж томоос томоор хананд бичсэн гэдэг. 

Шөнийн Эх Дагина. Домогт өгүүлснээр бол тэр 'Харанхуйн Ах Дүүс'-ийн гэгээн эцэг Ситисийн сэтгэлт бүсгүй байсан гэгддэг. Мөн олон хүмүүсийн итгэдгээр, нууц бүлгэмийн үнэнхүү суурь багана болсон ах дүүсийн хоорондын итгэлт ёсны үндэс нь Шөнийн Эх Дагина байсан гэх аж. Чухамдаа зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байсан тэднийг Шөнийн Эх Дагинын сэргэн мандалт цагийн явцад улам бүр, улам илүү хүчирхэгжүүлж байсан билээ.

Гэхдээ Мораг Тонгийг эс тооцвол 'Харанхуйн Ахан Дүүс' нь өв уламжлал хийгээд ажил хэргийг хамтад нь тэд хослуулж чаддаг байсан юм.

Шөнийн Эх Дагина.

Бравил-ын гудамжинд Азтай хөгшин Хатагтай гэдэг нэртэй нэгэн хөшөө байдаг юм. Мянган жилийн туршид сүндэрлэн буй уг хөшөөг чухам хэн гээч уран барималч нь барьсныг өнөөг хүртэл хэн ч үл мэднэ.

Ингээд танд уг хөшөөний тухай домгийг ярьж өгье. Нэгдүгээр эриний үед юм гэнээ, ядарсан айлд боол болж төрсөн хувь заяагүй нэгэн охин амьдран суудаг байж гэнэ. Төрсөн эцэг нь хэн болохыг тэр мэдэхгүй учраас хүүхдүүд түүнийг шоглох нь олон байлаа. Өдөр бүр тэр нулимс дуслуулан гэртээ ирдэг байсан ба тийнхүү харьж явахдаа нэгэн үдэш Стэндаррын нэгэн ламтай тааралджээ. Охин өнөөх ламтанд өөрийнхөө тухай ярьсан байна, хариу болгож өнөөх ламтан, 'Чиний ам  чинь худлыг ярьдаггүй юм, нүд чинь бас зөөлөн юм. Маргаан байхгүй чи бол Стендаррын хүүхэд. Хэн болохыг нь чи мэдэж байна уу, тэр бол өглөгийн эзэн, өршөөл нигүүлслийн бурхан, өнө мөнхөд өөр бусдад аз ивээлээ хайрлаж явдаг юм.' гэсэн байна. Харин энэ явдлаас хойш эцэг нь хэн болох тухай асуухад охин, 'Би бол аз ивээлийн хүүхэд' гэж хариулдаг болсон юмсанж.

Удалгүй сайхан сэтгэлээрээ тэр хүүхэд олны хайр ивээлийг олж, орон нутгийн дэн буудалд мухлагийн үйлчлэгч болж гэнээ. Нэгэн шөнө буудалд нь ирсэн явуулын гийчинд тэр тус хүргэж багтах зайгүй болсон буудалдаа хонуулсан байна. Хэсэг хугацааны дараагаар тэр хүн эргэж Бравилд хүрч ирээд өөрийгөө эзэн гүрний хунтайж байна гэж танилцуулсан юм гэдэг. Тэгээд тэр бүсгүйн сайхан сэтгэлийг магтан дуулж алт эрдэнэсээр харамгүй шагнаж гэнээ. Харин бүсгүй Бравилын ард иргэдтэй өнөөх эд баялгаа хуваалцаж насан өөд болох хүртлээ төрөлх хотдоо амьдран суусан юм гэдэг. Тэр цагаас хойш үүгээр явж өнгөрсөн аянчин гийчид болоод айлчин хэсүүлчид цөм хөгшин хатагтайн аз ивээлээс хүртэх гэж хөшөөнд тэд хүндэтгэл үзүүлдэг болсон байна.


Мөн түүний бунханд нэг том хүний болоод өөр бусад 5 хүүхдийн оршуулга байдгаас үүдэж 'Харанхуйн Ах Дүүс' түүнийг Шөнийн Эх Дагина мөн гэдэгт итгэж эхэлжээ. Хэдийгээр Шөнийн Эх Дагина хоёрдугаар Эриний үед амьдарч байсан гэгддэг ч, хэдий тэрбээр Хулгайчдын Нийгэмлэг болоод Мораг Тонг-д үйлчилж байсан гэлцдэг ч тэд түүнийг Азтай Хөгшин Хатагтай байсан гэдэгт яагаад ч юм эргэлздэггүй юм гэнэ.

Ситис.

Тэр бол оргүй хоосны билэг тэмдэг юм. Мөн Ситис Аэдра биш шигээ Даэдра ч бас биш. Гэвч домогт өгүүлснээр бол Ситис аль аль талыг нь үүсгэхэд хувь нэмрээ оруулсан гэдэг юм. Түүний том ахыг Аню гэдэг, тэрбээр гэрэл хийгээд дэг ёсны бурхан билээ. Нэгэнтээ тэдний цусны тулааны талбарт асгарахад ах дүү хоёрын цус хамтдаа Аэдраг үүсгэсэн гэдэг. Харин Ситисийн цус дангаараа Даэдраг төрүүлжээ. Тиймээс түүнийг аливаа бүхнийг цогцлохоос өмнө оршин байсан 'Цорын ганц бурхан тэнгэр' гэж үздэг бөгөөд одоогийн бурхдыг төрүүлэхэд түүний дайнч шинж чанар нь нөлөөлсөн гэж үзэх хүмүүс олон байлаа.


Ситис нь биегүй хоосны биелэл, хамаг л муу муухай, ёрын бас цэвдэг хүйтэн бүхний нэгдэл.  Зөвхөн үхэл хагацал хийгээд бусдын зовлон зүдгүүр л түүнийг тайвшруулж чадна.

Хоёрдугаар эриний үед Ситис нэгэнтээ Дунмерийн нэгэн бүсгүйн гэрт зочилж гэнээ. Удалгүй тэр Ситистд 5 хүүхэд төрүүлж өгсөн байна. Гэвч Ситисийн дуу хоолой бүсгүйн толгойд сонсогдох болж, хүүхдүүдээ нэхэж эхэлсэн гэдэг юм. Энэ тийм ч амар хэрэг байсангүй. Эцэст нь тэднийг эцэг дээр нь аваачихын тулд бүсгүй таван хүүхдээрээ тахил өргөж орхижээ. Энэ бүхнийг тэсч чадалгүй Бравилын иргэд иргэд дунмер бүсгүйг хөнөөж гэрийг нь галдан шатаасан байна. Харин энэ бүх явдал Шөнийн Эх Дагиныг төрүүлэхэд хүргэсэн гэдэг. Уг явдлаас 30 жилийн дараагаар эх дагины үгийг толгойдоо сонссон хүн анхны сонсогч болж Харанхуйн ах дүүсийн бүлгэмийг байгуулжээ.  Тэгээд тэд Ситисийн хамтаар Шөнийн эх дагиныг тахин шүтэж, өөрсдийгөө тэдний дундаас гарсан хүүхдүүд нь хэмээн өргөмжлөх болжээ.

Ихэнх газрын соёл иргэншилд Ситисийг тахин шүтэхийг хориглодог байлаа. Тэгээд ч нэг болон хоёрдугаар эриний үед түүнийг шүтэх ёсон хараахан дэлгэрээгүй байсан цаг үе билээ. Харин хоёрудаар эриний үед Шөнийн Эх Дахины зараалаар үүсгэн байгуулагдсан 'Харанхуйн Ах Дүүс' Ситисийг бурханчлан шүтэж эхэлсэн юм. Түүнчлэн Улаан Сорви - зөвхөн цус сорогчдоос бүтсэн алуурчдын бүлгэм удалгүй түүнийг тахиж эхэлжээ. Мөн Аргониан-чуудын соёлд Ситисийн тухай гардаг байна.  Аргонианчуудын гол шүтээн нь Хист. Яг л Ситисийг ертөнцийг бүтээгч гэж итгэдэг шиг Хистэд тэд итгэнэ. Мөн сүүдрийн улиралд Хар Намаг-т төрсөн хүүхдүүдийг Аргонианчууд авч 'Харанхуйн Ах Дүүс'-т өгдөг байсан бөгөөд хожмын нэгэн өдөр Аргониа болон Ситисд хүчин зүтгэг гэсэндээ тэр билээ. Багаасаа бэлтгэгдсэн тэд Shadowscale болмогцоо даалгавар хүлээн авах боломжтой болно. Гэвч одоо нэгэнтээ тэд байхгүй болжээ. Харин аз болоход тэдний хамгийн сүүлчийнхтэй нь та Фалкрит-ын дэргэдэх тэдний шүтээний танхимд уулзаж болох юм. Түүний нэр Веезара.

Түүнчлэн 'Улаан Сорви' болон 'Харанхуйн Ах Дүүс'-ийн бүлгэмд нэгдээгүй ч гэлээ ихэнх цус сорогчид 9 Тэнгэр-с илүүтэй Даэдрикийн хунтайж Молаг Бал болон Ситис эсвэл  Айдсын Эцгийг (Dread Father) тэд шүтэх аж.

үргэлжлэл бий ....

Thursday, October 3, 2013

Ажилгүй далайн дээрэмчин хийгээд Видео тоглоомыг шүүмжлэх эрх.

Өнөөдрөөс эхлээд би ... цахим ертөнцийн 777 тэнгисийн далайн дээрэмчний 'үүрэгт' ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөж байгаагаа гэгээн Комстокын сахлаар тангараглан байж мэдэгдэх байна! Товчхондоо бол Gamer хүний ёс зүйн үүднээс ийм алхам хийж байгаа бөгөөд бусдыг би огтхон ч буруутгах гээгүй юм шүү. Харин та бүхэнд хосгүй гайхалтай дараах боломжийг санал болгох гэсэн юм!

Гэхдээ эхлээд бүгдээрээ маш энгийн нэгэн математикыг бодож үзэцгээе ...

300 хүн байлаа гэж төсөөлье. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь програмистууд, зарим нь компьютер графикчид, зохиолчид, зураачид, дизайнерууд, motion технологийн жүжигчид, моделиуд, дуу оруулагчид, хөгжмийн зохиолчид, хөгжимчид, тестерүүд, сурталчилгаа болон маркетингийн албаны ажилчид, орчуулагчид, зөвлөгчид, хуулчид, менежерүүд, тогооч, цэвэрлэгч мөн тэднийг зохион байгуулж буй продюссерүүдийг бас мартаж хэрхэвч болохгүй ... ийм олон төрлийн ажил мэргэжилтэй 300 хүн байлаа гэж бодъё. Нэг хүний ард дунджаар хоёр хүн бий гээд боддоо, эхнэр нь бас хүүхэд нь. Ингээд 300x2=600 хүн болж байна.

Гэхдээ 600-300=300 эргээд 300 хүнийхээ тухай ярья. Тиймээ, тэд бол нэгэн баг. Өөрөөр хэлбэл тоглоом хөгжүүлэгчдийн баг бүрэлдэхүүн болж байна. Харин уг багийг Ragnar Team гэж нэрлье.

За ингээд Ragnar багийн хамт олон өөрсдийн авъяас билиг, хөрөнгө мөнгө, цаг хугацааг зарцуулан байж 3 жилийн дотор 'Valhalla Rising' гэдэг нэртэй видео тоглоомыг хийсэн байна. Мэдээж хэрэг тэд тоглоомын хөгжүүлэлт эхлэхээс аль хэдийнэ Publisher буюу видео тоглоомыг нь нийтэд түгээх үүрэг бүхий байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулсан байх болно. Тэгээд тэдний тоглоом бэлэн болмогц үйлдвэрлэлтэнд нэвтрүүлж эхэлнэ дээ. Тэгээд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүдийг онгоцоор, машинаар, галт тэргээр, усан онгоцоор тээвэрлэж дэлгүүрүүдэд авчрах болно. Харин тэндээс өнөөх Шервудын биш Кибер ертөнцийн Робин Гудууд чинь уг тоглоомыг худалдан авч хамгаалалтыг нь сэтэлж орхиод бусад халаас нимгэн эсвэл харамч тоглогчдод үнэгүй тараах болно. Хэдий тэд байж боломгүй зүйл хийж байгаа ч гэлээ өөрсдийгөө мөн аюулд учруулж байгаа гэдгийг нь мартаж яасан ч болохгүй, зөвхөн таны төлөө тэр шүүдээ! Хэрэв тэд цагдаа нарт баригдвал их л олон жилийг торны цаана сууж өнгөрүүлэх байхдаа. Бас л таны төлөө!

Гэхдээ интернетгүй, худалдан авалт хийх ямар нэгэн боломжгүй хүмүүсийн хувьд бол энэ бүхэн огт өөр хэрэг гэдэг нь мэдээж. Гэвч энд тэдгээр хүмүүсийн тухай яриагүй юм шүү.

Ингээд 3 хоногийн дотор crack бэлэн болох болно. Үүнийг нь энд тэндхийн хууль бус варез сайтууд аль эсвэл торрентууд дээр Share хийх бөгөөд дотоодын ISP-нуудын өндөр хурдны интернет үйлчилгээний ачаар 3 цагийн дотор л татаад авч амжина даа. Тэгээд сайн эцэг эхийн буянд босгосон хүчин чадал сайтай компьютер дээрээ 3 минутын дотор суулгаж орхино. Ингээд өнөөх 3 хоногт бэлэн болсон Crack-ыг 3 секундэд татаж аваад ... тоглоомыг ердөө 3 цагийн дотор тоглоод дуусгачихна гээч.

Ингэж тоглож дуусгачихаад, 'Аа энэ тоглоом үнэхээр миа юм' , 'Шал тэнэг хог болсон байна.' гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Дахин хэлье, хэний ч аавын, хэний ч ээжийн эрх хүү, охинд байхгүй. Албан ёсоор худалдан авсан хүмүүс нь ч гэсэн албатай юм шиг худалдан авсныхаа дараагаар ингэж хэлэх нь үнэхээр бүдүүлэг хэрэг болох юм.

Гэхдээ тоглоомын [P]requel, [S]equel-үүд дээр хөгжүүлэгчдийн зүгээс засч залруулж боломгүй аймшигтай алдааг гаргасан бол өөр хэрэг л дээ. Энэ тохиолдолд тоглоомыг худалдан авсан хүмүүсийн хувьд шүүмжлэх эрх нээлттэй болох болно. Ер нь тэгээд шинэ IP дээр биш, ялангуяа цуврал тоглоомнууд дээр тоглогчдын зүгээс шүүмжлэл, хөгжүүлэгчдийн зүгээс маш их хариуцлага ирдэг шүүдээ.

Мөн миний ажигласнаар бол сүүлийн үед Gamer-үүд маань улам л эх захгүй, замбараагүй болоод байгаа шүү. Тухайлбал 'Tomb Raider'-с өөлөх зүйл олдохгүй болохоор нь Лара Крофтыг агаарт үсэрч байх үед үс нь гоё хийсч намирч өгсөнгүй гэж муулж байхав, инээдтэй байгаа биз :D . Ялангуяа тоглоомын график зураглалыг шүүмжлээд сууж байгаа тоглогчдын ихэнх нь MS Paint дээр төмс ч олигтой зурж чадахгүй гэдэгт нь итгэлтэй байна.

==========================================

Ингээд миний хувьд цахим ертөнцийн далайн дээрэмчин байхаас татгалзаж байна. 

Видео тоглоом хөгжүүлэгчдийн хөдөлмөрийг үнэлдэг байгаасай, мөн дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаасай гэсэндээ танд би ийм саналыг тавьж байгаа юм шүү. Та нар бол энэ Монгол улсын хөгжлийн ирээдүй, гол түлхүүр, үндсэн нэмэлт хүч нь, backup, reinforcement нь шүүдээ, дүү нар минь! Тэгээд аан гээч, энэ алхмыг хийсний дараагаар хэний ч сонирхлыг татдаггүй байсан тоглоомын Демонууд хүртэл үнэхээр утга учиртай болж ирнэ гээч. Ердөө та нар 6-хан сарыг л тэвчээд өнгөрүүлэх хэрэгтэй. Удалгүй 6 сарын өмнө худалдаанд гарсан тоглоомнууд эхнээсээ эхлээд өндөгтэй бифштекс (үнэндээ бол Beef Stake юмшүүдээ)-ийн тал үнээр л зарагдаад эхэлнэ дээ. Тэгээд тэднийг худалдан аваад тоглож байх явцад чинь нэг л мэдэхэд дараа дараагийн тоглоомын хямдралууд хаяанд ирсэн байх болно! Хүмүүс л дургүй байдаг болохоос биш хүсч бас хүлээнэ гэдэг нь үнэхээр их жаргал юм шүүдээ. Нэг л өдөр чи тоглохыг бас авахыг хүсч байсан тоглоомоо олоод авах болно, энэ бол маргаангүй. Харин тэр үед тэр тоглоом чинь урьд урьдын тоглоомнуудаас чинь ч илүү амттай бас сайхан санагдах болно!

Худалдаж авах нь илүү үнэтэй гэж үү!? За больдоо.

Жишээ болгож www.humblebundle.com сайтыг танд танилцуулъя л даа. Таны харж буй доорх тоглоомнуудыг ердөө 1-хэн доллар төлөөд л Steam дээрээ худалдан авах боломжтой гээд боддоо! Нэг доллар гэдэг 2 литрийн хэрэггүй хийжүүлсэн устай тэнцэнэ шүүдээ. Харин та видео бичлэгийн газруудаас бичүүлбэл энэнээс хавьгүй их мөнгийг төлөх болно. Тэгээд дараагаар нь хадгалж ч болохгүй бас хаяж ч болохгүй хэрэггүй олон CD-ний цуглуулгатай болоод харах тоолондоо мөнгөндөө харамсч суухын нэмэр шүүдээ. Мөн өөр бусад олон арван Bundle-ууд, хямдралууд, GiveAway сугалаанууд болж байдаг гэдэгт итгээрэй! Судлах эрхийг таны гарт үлдээе. Гэхдээ, удахгүй хэрхэн видео тоглоомнуудыг үнэгүй олж авч болох тухай цуврал нийтлэлээ хүргэх болноо.

Хууль ёсоор авлаа гээд ямар давуу тал байна?

Achievement, Workshop, асуудалгүй бас автоматаар татагдах Update-үүд, гадаад болон дотоод найзуудтайгаа тоглох гайхалтай боломж, дэлхийн өнцөг булан бүрээс тоглогчдын холбогдох MultiPlayer тулалдааны талбар, үнэгүй Mod-ууд, бусад дагалдах урамшууллууд ... хамгийн гол нь сэтгэл ханамж! Энэ л хамгийн чухал нь.

Мөн дахин хэлье. Би таниас шаардаагүй юм шүү. Ердөө л санал болгож байна. Хэрвээ үнэхээр гарахаар шийдсэн бол 'Assassin's Creed IV : Black Flag'-ийг тоглочихоод сонголтоо хийж үзээрэй дээ. Учир нь далайн дээрэмчдийн тухай тоглоомыг Piratebay-с татаж авч байж л жинхэнэ утгаар нь тоглоно гэж мэд .... хэхэ, энэ мэдээж тоглоом байлаа :D .

Ингээд ...

Achievement unlocked

Name : Retired Pirate!
Desc : Цахим ертөнцийн далайн дээрэмчин байхаа болих.
Date : 2013. October 4. 12:32:11 AM