Thursday, July 18, 2013

"Bioshock : Infinite"-ын төгсгөлийг тайлбарлая.

Харин эхлээд тоглоомын төгсгөлийг дүгнэхэд :

Миний хувьд "Bioshock : Infinite" аз жаргалтай мөртлөө гунигтайгаар, гунигтай хэдий ч аз жаргалтайгаар төгслөө. Учир нь тоглоомын туршид өрнөсөн тэр бүх үйл явдлууд, тэр бүх гайхалтай хийгээд аймшигтай дурсамжууд бүгд агаар дээрх Колумбиа хотын хамтаар замхран алга болох нь тэр дээ ...  Гэхдээ л эцэг охин хоёр эцэстээ эргээд уулзалдлаа шүүдээ ... энэ л хамгийн чухал нь юм.

Тэгэхээр юу болоод өнгөрвөө гэж үү?
Ингээд тун товчхон тайлбарлая. Харин та тархиныхаа нитрог жаахан ажиллуулах хэрэгтэй болох нь.  Мөн унших үедээ тоглоомын тухайн хэсгүүдэд чухам ямар ямар үйл явдлууд гарч байсныг санах гээд хичээгээрэй. Тийнхүү харьцуулж уншвал ойлгоход илүү дөхөм болно шүүдээ.

========================================================

"А" Ертөнцийн Букер ДеВитт дайны (Battle of Wounded Knee) дараагаар эцэг ламтнаас адислал хүртэж үйлдсэн гэм нүглээ цайруулах болно. Ингэснээр тэрээр туйлын сүсэг бишрэлтэй нэгэн болж нэг ёсондоо л амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөж, энэ бүх хөгжил дэвшил нь эцэстээ түүнийг агаарын хот Колумбиаг үүсгэн байгуулахад хүргэнэ. Тиймээ, тэр Комсток болж хувирна.

"Б" Ертөнцийн Букер Девитт дайны дараагаар эцэг ламтнаас адислал хүртэхээс татгалзсан тул түүний амьдрал өөр салаа замаар явсан байна. Удалгүй тэр эхнэртэй болж, Анна хэмээх бяцхан охинтой болох болно. Анна бол Элизабет гэдгийг та мэдэх байх. Гэвч эхнэр нь төрөхийн хүндрэлээр нас барч, сэтгэл гутралд автсан Букер архи ууж, мөрийтэй тоглоом тоглосоор маш их өрөнд орох болно. Хамгийн аймшигтай нь тэрээр охиноо өрөнд өгөхөөр шийддэг юм.

Одоо "A" ертөнцрүү эргээд очъё. Розалинд Лутец. Багаасаа квантын физикийг судалж эхэлсэн ухаантай энэ хатагтай өөр ертөнцрүү, өөр орон зайруу нэвтрэх арга ухааныг олж, хосгүй нэгэн төхөөрөмжийг зохиодог байна. Мөн Комстоктой хамтраад Колумбиа хотын бүтээн байгуулалтад маш том хувь нэмрийг оруулсан юм. Харин Комстокын хувьд түүнд өв залгамжлагч хэрэгтэй байлаа. Ингээд тэрээр "Б" ертөнцрүү явж өөрийнхөө нөгөө хувилбараас өөрийнхөө хүүхдийг Роберт Лутециэр дамжуулж авдаг. Робертын хувьд тэр бол Розалинд өөрөө юм шүүдээ, гэхдээ мэдээж хэрэг өөр орон зайнаас ирсэн нь тодорхой. Хэрвээ Розалинд Лутец эрэгтэй болж төрсөн бол яах вэ? .... чухам энэ л орон зайруу Розалинд очиж өөрийнхөө эрэгтэй хувилбартай танилцаж, холбоо тогтоожээ. Робертын хувьд мөн л шинжлэх ухааныг шүтсэн эрдэмтэй нэгэн байлаа, тийм ч учраас тэд гайхалтай хамтрагчид болж чадсан байна.

Харин "Б" ертөнцийн Букер охиноо Робертод өгсний дараахан маш буруу зүйл хийснээ ухаарч охиноо авахаар араас нь гардаг. Гэвч Аннаг аварч амжилгүй Комсток буюу "А" ертөнцийн өөртөө алдаж орхидог. Энэ үед Tear буюу өөр орон зайруу нэвтрэх гарц хаагдах үедээ Аннагийн чигчий хурууг тасалж орхидог нь тун тоогүй хэрэг шүү. Гэхдээ л энэ нь Анна буюу Элизабетын маань онцгой чадварын эх үндэс нь болох болно.

"А" ертөнцийн хувьд одоо илүү сонирхолтой үйл явдлууд өрнөж эхэлнэ. Гэнэт гараад ирсэн охиныг хатагтай Комсток (Комстокын эхнэр) сэжиглэж Розалинд Лутец болоод нөхөр хоёрынх нь дундаас гарсан хүүхэд хэмээн хардаж эхэлдэг. Удалгүй тэр бүх нууцыг мэдэж авах болно. Ингээд нууцыг задлахгүйн тулд Комсток эхнэрээ хөнөөж, уг балмад хэргээ Дэйзи Фитзройд тохдог байна.

"Б" ертөнцийн Букер бүр илүү сэтгэл гутралд орж, амьдрал нь сүйрч эхэлнэ. Түүний гаран дээр байдаг A.D гэсэн бичээс нь Anna Dewitt гэж байгаа хэрэг юмшүүдээ. Комсток түүнийг хэзээ нэгэн цагт өөрийнх нь араас ирнэ гэдэгт итгэж байсан тул "False Sheperd"-ээс сэрэмжлүүлэх тухай элдвийн зурагт хуудсыг хотоор нэг хадсан байдгийг та харсан байх. Учир нь тэрээр Лутецийн ихрүүдийг алуулахаар Финкийг хөлсөлдөг, харин Финк тэднийг төхөөрөмжтэй нь хамт галдан шатааж осол болсон мэтээр харагдуулах ёстой байлаа. Гэвч тэд өөр орон зайруу зугтаж амждаг юм.

20 жилийн дараа Роберт, Розалинд хоёр энэ бүх гажуудлыг залруулахын тулд "Б" ертөнцийн Букер дээр хүрч ирдэг. Тэгээд түүнийг завинд суулгаад гэрэлт цамхагруу авч явах болно ... эндээс тоглоом маань эхэлдэг шүүдээ. Харин яагаад Букер юу ч санахгүй байсан бэ гэхээр, өөр орон зайд нэвтэрсэн учраас түүний ой тойнд зохиомол дурсамжийг суулгаж өгөх шаардлага гарж л дээ. Ингээд "Б" ертөнцийн Букер маань "А" ертөнцөд хөл тавих болно.

Тэр явсаар Элизабетыг хөшөөн арлаас аварна, гэвч өөрийг нь Парисруу биш Нью Йоркруу авч явах гэж буйг мэдсэн Элизабет түүнээс зугтаадаг. Энэ хооронд Букер, Вокс Популийн босогч нарт баригдаж, тэдэнд зэвсэг авчирсан цагт агаарын хөлгөөр гэррүүгээ явах болзолтойгоор саналыг нь хүлээн зөвшөөрнө. Удалгүй тэр Элизабетыг олж Финкийн аж үйлдвэрийн дүүрэгрүү хамтдаа явдаг шүүдээ. Харин зэвсгийг олж авахын тулд Чен Лин гэх хятад эрийг олох хэрэгтэй болно. Гэвч тэр нас барсан байсан учраас Элизабет онцгой чадвараа ашиглаад Чен Линий насан эцэслээгүй байх "В" ертөнцрүү тэд хамтдаа явдаг байна.

Харин энэхүү "В" ертөнцийн хувьд "Б2" Букер (Өөрөөр хэлбэл "В" ертөнцөд ирсэн "Б" ертөнцийн Букер гэсэн үг. Гэхдээ энэ нь бидний жинхэнэ Букер биш тул "Б2" гэе л дээ.) маань Элизабетыг аврахаар очих үед тэр альхэдийнээ хөшөөт цамхагаас Комстокын гэррүү явсан байх болно. "А" ертөнцөд Корнелиус Слэйттэй тулалдаж байсан бол энэхүү "В" ертөнцөд "Б2" Букер нь Слэйттэй хамтарсан байна. Корнелиустай хамтарсан энэ Букер зөвхөн "В" ертөнцөд харъяалагдаж буй гэдгийг санаарай! Чен Линий хувьд тэр амьд байж байлаа. Харин түүний багаж хэрэгслүүдийг Колумбиа хотын хууль сахуулагчид битүүмжилсэн байх бөгөөд түүнийг эргээд Финкийн дүүрэгрүү зөөнө гэдэг боломжгүй хэрэг байв.

Ингээд Элизабет тэр хоёр "Г" ертөнцрүү нэвтэрнэ. Энэ тохиолдолд өнөөх багаж хэрэгслүүд битүүмжлэгдээгүй байх бөгөөд аль хэдийнээ Вокс Популийн гарт орж их хувьсгал эхэлсэн байх болно. Букерын хувьд энэ ертөнцөд Вокс Популитай нэгдэж, эрэлхэгээр тулалдсаар тэдний дунд баатар болсон байх юм гэнээ. Харамсалтай нь тэр тулалдаж яваад нас барсан байх болно. (Мөн эсрэгээрээ, хэрэв тэр амьд байсан бол магадгүй хоёр ертөнцийн Букер хоорондоо уулзалдах магадлал тун өндөр байх бөгөөд чухам тэр үед юу болох байсныг чөтгөр бүү мэд!) Чен Лин ч мөн хувьсгалын хөлд нэрвэгдэж эхнэртэйгээ хамт алуулсан байжээ.

Энэ "Г" ертөнцөд Элизабет Комстокын гарт баригддаг. Одоо хамгийн төвөгтэй хэсэг нь эхэлж байна ... Ямар нэгэн шалтгааны улмаас Элизабетыг аврахаар Букер хэзээ ч ирээгүй байна. Олон арван жил өнгөрчээ. Нас дээр гарч, хөгшин болсон Элизабет энэ үед Комстокын өв залгамжлагч болсон байх агаад Колумбын армийг удирдаад Ньй Йорк хотруу дайрах болно. Яг энэ үерүү буюу "Г" ертөнцийн ирээдүйрүү Букерыг тэр дуудаж авчрах болно, нас дээр гарсан Элизабет маань. Өөрөөр хэлбэл "Г" ертөнцөд Элизабет, Букер хоёр ирсэн тэр мөчөөс хойш болж өнгөрсөн олон арван жилийг алгасаад "Г" ертөнцийн ирээдүйн Элизабет "Г" ертөнцийн өнгөрсөн үеийн "Б" Букертэй холбоо тогтооно гэсэн үг шүүдээ. Хэдий бүх зүйл дэндүү оройтсон ч гэлээ Комстокын гарт баригдаж өөр орон зайнд өөрийгөө зовлон шаналал битгий амсаасай гэсэндээ, Букерыг өөрийг нь аварч чадалгүй арга мухардаж битгий өөртөө харамсаж хоцроосой гэсэндээ тэр билээ.


Тэгээд түүнийг өөр "Д" ертөнцрүү илгээх болно. Мэдээж хэрэг өөрийг нь олох зөв замыг зааж өгч, хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн байна. Энэ орон зай, цаг хугацаанд, Элизабет Комстокын гарт баригдаад төдий л удаагүй байлаа. Нэг ёсондоо "Д" ертөнц нь "Г" ертөнцөөс салаалсан, түүнтэй параллель ертөнц болж байгаа юм. Букер түүнийг очиж аврах болно. Хамтдаа тэд Колумбиагаас зугтах бөгөөд тэгэлгүй яахав тэд явахаасаа өмнө Комстокыг хөнөөж амжина. Тэгээд энэ бүхэн дууссаны дараагаар Элизабет түүнд бүх нууцыг дэлгэдэг байна. Өөрөө түүний охин Анна болох тухай, Комсток гэдэг нь Букер өөрөө болох тухай гээд л. Учир нь Комстокын гарт баригдсан байх үедээ энэ тухай олж дуулж л дээ.

Та төсөөлөөд үздээ, А,Б,В,Г,Д ертөнцөөс гадна хэдэн мянга, хэдэн сая, магадгүй хязгааргүй олон ертөнцүүд байгаа гээд! Тухайлбал өнөөдөр та зоогийн газарт хоол идэж байгаад бугуйн цагаа орхиод ирснээ гэртээ харьсан хойноо л анзаарч гэж бодъё. Тэгээд цагаа авахаар эргэж очих, эсвэл тэр чигт нь хаях гэсэн таны сонголтоос шалтгаалаад таны бие хоёр орон зайд салаална. Мэдээж хэрэг та өөрийнхөө сонголт хийсэн тэрхүү орон зайд л үргэлжлүүлээд амьдрах болношүүдээ. Таныг яваад цагаа олоод ирсэн байлаа гэж бодъё. Харин нөгөө параллель ертөнцөд цагаа олж авчрахаас татгалзсан таны өөр нэгэн хувилбар зэрэгцээд амьдрах болно. Энэ мэт таныг эхийн хэвлээс төрсөн цагаас эхлээд сонголт гарч ирэх бүрт шинэ шинэ орон зайнууд хоёр дахин, гурав дахин нэмэгдэж, нийт орон зайн тоонууд хязгааргүй рүү тэмүүлэх болно.

Ингээд 20 настай Букер дайны дараагаар адислал хүртэхээс өмнөх хэсэгт Элизабет түүнийг авчирна. Учир нь Комсток хэдэн сая орон зайд амьд байгаа тул, түүнийг бүрмөсөн устгана гэдэг боломжгүй хэрэг байлаа. Бүхэл бүтэн нэг сая Букерын арми байгаад ч түүнийг зогсоож чадахгүй. Тиймээс энэ бүхний эх үндэс, язгуурыг нь олж устгах нь зүйн хэрэг шүүдээ. Ингээд энд манай Букер нас барж байгаа юм. Өө тийм, тэр үхэхээсээ өмнө охиноо эргүүлж Робертод өгдөг шүүдээ, өөр нэг орон зайнаас. Тоглоомын хамгийн эхэнд, гэрэлт цамхагийн хаалган дээр бичээстэй байдаг "Охиныг эргүүлж авчраад, өрөө цайруул" гэдэг нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл бүх гажуудлыг засч залруулах хэрэгтэй болсон юм.

Харин тоглоом маань эцэстээ "Б" ертөнцийн Букер дээр ирснээр дуусгавар болдгийг та санаж байгаа байх. Мөн охиноо алдсан тэр өдрөө Букер маань эргээд охинтойгоо уулзах болно. Тиймээс тоглоомын туршид өрнөсөн тэр бүх үйл явдлууд, Колумбиа хөлөг, бидний мэдэх Букер, Элизабет, Комсток мөн дэндүү гайхалтай дууч шувуухай минь - энэ бүхэн бүгд ор мөргүй алга болж байгаа юм даа.

"А" болон "Б" Букеруудын хувьд тэр хоёулаа муу хүмүүс байсан. Харин тоглоомын төгсгөл нь сайнаар өөрчлөгдөж буй "Б" Букерээр дуусч байгаа нь үнэхээр сайн хэрэг шүү.
Тоглоомын төгсгөлийг тун товчхон тайлбарлахад нэг иймэрхүү ....

 ========================================================

Ахх, Колумбиа. Өмнөх цувралууд дээр гарсан Рапчур хот яг л тамыг санагдуулж байсан бол Колумбиа танд диваажингийн орныг сануулах байх. Гэхдээ расист эрх баригчдаар дүүрсэн, худал хуурмагаар дүүрэн Комстокыг бурхан мэт шүтсэн хамгийн хөөрхийлөлтэй хүмүүс энд амьдардаг юм. Рапчур хот эрх чөлөөг эрэлхийлж, шашин номлол, үзэл суртлаас ангид байхыг уриалж байсан бол Колумбиа үзэл суртал, шашин шүтлэгээр дамжуулж эрх чөлөөг эрэлхийлсэн байна. Нойтон, чийгтэй, хүйтэн мөн харанхуй Рапчурын гудамж, байшин барилгуудаас илүүтэй өнгө будаг алагласан, гэрэл гэгээтэй Колумбиагийн талбай цэцэрлэгүүд илүү гайхамшигтай сайхан байлаа.

Уг тоглоомыг өөлөх зүйл үнэндээ алга байна. Өөрөө ч би тоглоомын түүхийг сайн ойлгосонгүй хэх. Магадгүй Кристофер Нолан шиг тархитай хүмүүс л бүрэн ойлгох бизээ. Урьд өмнө би ийм гайхалтай, мөн ухаан балартуулам төгсгөлийг хэзээ ч харж байсангүй. Хамгийн гайхалтай нь юу гээч! Уг тоглоомыг нэг удаа тоглож үзсэн хүн заавал хоёрдахь удаагаа дахиж тоглох болно. Анхны удаад мэдэрсэн тэр бүх мэдрэмжүүд хоёрдахь удаад огт өөрөөр мэдрэгдэх болно. Тоглоомын туршид эгшиглэх аялгуу хөгжим, дуулах дуунууд, ханын самбар, зарлалын хуудсууд, харилцан яриа, дүрүүд, үйл явдлууд гээд л бүгд учир шалтгаантай, уялдаа холбоотой байгаа нь ажиглагдана.

Харин энд Элизабетыг бичихгүй байхын аргагүй юм. Видео тоглоомын түүхэнд магадгүй түүн шиг хэрэгтэй хамтрагч, туслах дүр хэзээ ч байгаагүй мэт санагдана. Энэ мэт бичээд байвал хэдэн арван хуудас болох байх. Зүгээр л гуравхан үгээр дүгнэхэд "Bioshock : Infinite" бол ГАЙХАЛТАЙ хийгээд ГАЙХАМШИГТАЙ байлаа!

7 comments:

  1. Bioshock тоглож байгаагүй болхоор сайн мэдэхгүй юмаа. Тэгэхдээ таалагдлаа :>

    ReplyDelete
  2. Энэ нэг тоглоом тийм л агуу юм байхдаа :P

    ReplyDelete
  3. Khuslen togloomiig gaihaltai bas gaihamshigtai bichih yumaa

    ReplyDelete
  4. say duusgalaa eniig unshaad bur shan bolchloo

    ReplyDelete
  5. anh toglood mind shockond orj bsan amidraldaa togloj bsan gaihamshigtai togloomnii 1 , 2 3 udaa togool uchiriin oilgoson ene niitleliig unshaad dahiad toglomoor sanagdlaa hehe

    ReplyDelete