Saturday, July 13, 2013

"Assassin's Creed IV" [P]review

Тэнгисийг эзэгнэгч, түрэмгий ширүүн далайн дээрэмчид, залуугаараа үхэхээс буцахгүй дориун догшин эрс. Хөнөөлт эдгээр дээрэмчдийн замд хэн хөндөлдөнө, хөөрхий түүний зүг хөлгийн залуурыг тэд эргүүлнэ. Нэр алдар нь Карибын тэнгисээр цуурайтаж, номхон далайн чинад дахь их гүрнүүдийн чихэнд мөн хүржээ. Хөлөг онгоцныхоо оройд хохимойн дүрстэй хар тугийг тэд мандуулжээ, хэнд ч захирагдахгүй эрх чөлөөг энэ нь бас бэлгэджээ. Зах хязгаар нь үгүй тэнгис далайгаар тэд аялахдаа замгаар хооллож, загасны торон дээр унтах үе зөндөөн байдаг ч, ганцхан зангуугаа буулгасан цагтаа бялтан бууныхаа замгийг суран тэлээнийхээ хамтаар сулладаг юм гэнэ. Дулаан хөнжил, халуун хоол, халуухан хүүхэн, хүйтэн дарс - энэ бүхэн тэднийг угтаж, далайн эргийн торгон элсэн дээрх ил галын дэргэд цуглаад, авдар дүүрэн эрдэнэсээ хувааж суух нь тэдний амьдралын зол жаргал билээ. Зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, маргаашийн энэ цагт эсэн мэнд үлдэхийн төлөө шилтэй дарсыг хөнтөрч орхиод юу ч болоогүй гэлтэй наргиж цэнгэхүй агаарт замхрах түүдгийн утааны хамтаар тэдний дуу шуугиан тэртээх алсад цууриатан одно. Исгэрэн хийсэх их салхины нэгээхэн аялгуу дал моддын навчсыг хөдөлгөгч өмнөдийн үлээх салхин, тансар хилэн тэнгэрт мандах шөнийн дэнлүү мөнгөлөг саран хийгээд эгээ л ёроол нь үгүй нүх лугаа адил харлан харагдах өршөөлгүй тэнгисийн их усан л тэднийг амьдарч байсан гэдгийг гэрчилж үлдээ биздээ ...

Уг цувралын талаарх мэдээлэл бага хүмүүст зориулаад удахгүй Assassin's Creed-ийн ертөнцийг маш дэлгэрэнгүйгээр танилцуулсан нийтлэлийг бичиж оруулах бодолтой байна. Алтаир ибн ла Ахад-аас эхлээд Коннор Кенвай хүртэлх бүх ассассинуудын тухай намтар түүхийг мөн тус тусад нь дэлгэрэнгүйгээр оруулна гээд боддоо! Харин одоо ACIV-ын урьдчилсан дүгнэлт буюу preview-ыг сонирхоно уу ...

Тоглоомын хөгжүүлэлт.

Нэгэн сонирхолтой баримтыг энд дурьдая. "Half Life 2 : Episode Two" 2007 онд худалдаанд гарснаас хойш "Assassin's Creed I"-ээс эхлээд "Assassin's Creed IV" анги хүртлээ гар утас болоод PSP, PS Vita дээрх хувилбаруудыг эс тооцвол нийт зургаан үндсэн анги нь хийгдсэн байна! Өөрөөр хэлбэл жилд нэг шинэ анги худалдаанд гардаг гэсэн үг юм. Зарим нэг тоглоомын үргэлжлэл шинэ ангийг тоглогчид хоёр нүдээ ширгэтэл хүлээж байхад өөр нэгнийг нь арай хурдан гараад байна, ядаж хоёр, гурван жилдээ нэг анги гаргаач хэмээн гомдоллох болсон цаг. "Assassin's Creed" цувралын хувьд хоёрдахь ангилалд нь багтчихаад байгаатай та санал нэгдэж байгаа биздээ? Эндээс тоглоомын чанарын тухай асуудал гарч ирж байна. Хэрэв үүнд таны санаа зовниж байгаа бол бүү санаа зов, учир нь энэ оны сүүлээр гарах гэж буй "Assassin's Creed IV"-ын хөгжүүлэлт 2011 онд эхэлсэн юм шүүдээ. Ингээд бодохоор ... магадгүй яг одоо намайг бичиж, таныг уншиж байх энэ үед "Assassin's Creed V"-ын хөгжүүлэлт альхэдийнээ эхэлчихсэн, харин "Assassin's Creed VI"-ын зохиол нь бичигдээд, concept нь зурагдаад эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Харин миний хувьд Electronic Arts шиг битгий л тооны араас хөөцөлдөөсэй гэж Ubisoft-оос хүсэх байна даа. Хэрэв ингээд эхэлбэл цувралын маань үнэ цэнэ буурна шүүдээ. Мөн чухам үнэнийг хэлэхэд ACIV нь III-аасаа нэг их ялгагдахгүй байгаа шүү. Уг нь бол цувралын түүхэнд нэг том бүлэг шинээр эхэлж байна гэдэг нь араасаа шинэ технологи,  шинэ дэвшил, шинэ түүх, шинэ уур амьсгал гээд цоо шинэлэг зүйлсийг дагуулж байх ёстой биш билүү? За энэ тухай энд хүргээд орхиё.

Тоглоомын үндсэн хөгжүүлэгчээр мэдээж хэрэг Ubisoft Montreal ажиллаж байгаа бөгөөд Ubisoft-ын өөр бусад 7 студитэй хамтарч байгаа аж. Эдгээр олон студи нь тоглоомын тодорхой нэг элементүүд дээр хуваагдан ажиллаж байгаагаас гадна "Far Cry 3" [2012]-ыг хийсэн баг бүрэлдэхүүн бараг л тэр чигээрээ ажиллаж байгаа гэнэ дээ.

График дүрслэлийн хувьд өмнөх ангиас ялгагдах гойд зүйл үгүй ч тодорхой хэмжээний сайжруулалтыг хийсэн нь маргаангүй. Дуу оруулагч жүжигчдийн хувьд одоогоор нийтэд ил болоогүй байгаагаас гадна тоглоомын Soundtrack хөгжим дээр "Far Cry 3"-ын аяыг бичсэн Брайн Тайлер ажиллаж байгаа юм байна. Аанха, Жеспер Кидийг сураглаж байна уу? Тэгвэл манай залуу "Heroes & Generals" болоод "State of Decay" тоглоомнууд дээр ажиллаж байгааг дуулгая.

Шинэ дүрүүд.

Тоглоомд маань Эдвард Кенвай хэмээх шинэ алуурчны түүхийг өгүүлэх болно. (Алуурчин гэхээсээ илүү ассассин гэх нь арай цэвэрхэн ч юмуу хэхэ) Эдвардын хувьд одоо бидний сайн танил болсон Коннор Кенвайн өвөө, мөн өнөөх гайхал Хэйтамын эцэг гэдгийг сайтар анхаарна уу. Тиймдээ ч тоглоом маань зохиол үйл явдлын хувьд "Assassin's Creed III"-аас өмнөх үйл явдлуудыг харуулна гэсэн үг шүүдээ. Харин орчин үеийн хувьд хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тун их сонирхол татаж байна. Мөн энд Ubisoft-ын нэг логикгүй гэмээр зүйлийг дурьдах хэрэгтэй. Гярхай тоглогчид бол ACIII-ын нэмэлт материалууд, хавсралтуудаас Эдвард Кенвайн тухай чамгүй олон баримтуудыг мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Тэр бүү хэл бүр хэзээ хэдэн онд ямар хүнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болоод, хаана хэзээ бас хэрхэн нас барсныг нь хүртэл дурьдсан байсан гээд боддоо! Мэдээж хэрэг энэхүү спойлероос болж тоглоход жаахан урамгүй л санагдах байх. Хэрэв та уншаагүй бол над шиг тавьтаргүй зан гаргахгүй байхыг хүсье :) Мөн Хар Сахалт, Бенжамин Хорниголд, Калико Жек, Анне Бонни болоод Чарлз Вэйн зэрэг бодит түүхэн хүмүүс уг тоглоомд маань гарах гэнэ. Хар Сахалтын хувьд манайхан маш сайн мэдэх байхаа. Үнэнийг хэлэхэд бусад хүмүүсийн нэрсийг анх удаагаа л сонсч байна. Хэрэв танд сонин санагдана гэвэл өөрийнхөө танин мэдэхүйн блогт эдгээр хүмүүсийн намтрыг бичиж оруулнаа.

Одоо зарим нэгний нь хувьд харамсалтай гэмээр харин миний хувьд сайшаалтай нэгэн мэдээг дуулгахад энэ удаагийн анги дээр Дезмонд Майлс маань гарахгүй гэсэн шүү. Яагаад миний хувьд сайн хэрэг болсон гэхээр, Дезмондын түүхийг хэсэгхэн хугацаанд завсарлаж тоглогчдын дунд хүлээлт үүсгэхийн хажуугаар өөр нэгэн шинэ дүрийг танилцуулаасай гэж хүсч байна, орчин үеийн хувьд. Харин бодож байгаа шиг минь тийм дүр гарах нь уу үгүй юу, бүгдээрээ хүлээж л байя. Одоогийн байдлаар нийтэд ил болсон мэдээллийн дагуу тоглогч бид нар Абстергогийн хянагч ажиглагчдын үүргийг гүйцэтгэх бөгөөд Эдвардын дурсамжинд нэвтэрч тандалт хийж байгаагаар үзүүлэх юм гэсэн. Хөндлөнгийн аль нэгэн хүнийг биш Эдвардын удмын хүнээс л түүний дурсамжид нэвтрэх боломжтой шүүдээ. Ингээд бодохоор тэр хүн нь хэн байж таарах вэ? гэсэн дараагийн нэгэн асуулт урган гарч ирж байна. Магадгүй энэ нь Дезмонд маань байвал хуучны Варрен Видик, Люси Стилман тэргүүтэй танил дүрүүдтэйгээ эргэн уулзах завшаан тохиож бас мэдэх юм. Дүрүүдийн хувьд ийм байнадаа.

Өрнөх газар, цаг үе.


Мэдээж хэрэг өмнөх ангиудын уламжлалыг хадгалаад тоглоом маань орчин үе болоод өнгөрсөн гэсэн хоёр цаг үед өрнөх болно. Өнгөрсөн үеийн тухайд бол 18-р зууны эхэн хэсэг буюу "Далайн дээрэмчдийн алтан үе"-д өрнөх бол орчин цагийн хувьд яг хэдэнд онд вэ гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ 2012 оны 12-р сарын 21-ний учир битүүлэг хийгээд гамшигт үйл явдлаас өмнө гэдэг нь ойлгомжтой биздээ. Мөн орчин үе болоод өнгөрсөн үеийг хооронд нь холбож буй Анимус төхөөрөмжийг мартаж хэрхэвч болохгүй. Энэ тухай тун товчхон танилцуулахыг минь зөвшөөрнө үү.

================================================================
Анимус төхөөрөмж.
Анимус бол Абстерго үйлдвэрээс зохион бүтээсэн төхөөрөмж бөгөөд товчхон үгээр тайлбарлавал виртуал реалистик компьютер юм. Өөрөөр хэлбэл уг машинд холбогдсон хүний генетик санах ойруу нэвтэрч өөрийнх нь өмнөх үе буюу өвөг дээдсийнх нь дурсамжинд нь хандах боломжтой болох юм. Дурсамжууд нь гурван хэмжээст зураглалтайгаар маш тод тодорхой харагддаг тул судалгаа шинжилгээ хийхэд ямар их дөхөм гээч. Мэдээж хэрэг дурсамжуудыг өөрчлөх боломж байхгүй л дээ. Эхэндээ Абстерго үйлдвэр ажилчид (темпларууд)-аа сургах зорилгоор "Аними сургалтын хөтөлбөр" мөн цаашлаад "Анимус төсөл" дээр ажиллаж байсан бол өрсөлдөгч Ассассинуудын гишүүдийг олзолж тэдний дурсамжинд нэвтэрч эртний цагийн нууцсын учрыг олоход хэрэглэх болжээ.
===============================================================

Одоо эргээд тайлбартаа орцгооё. Энэ удаад тоглогч таныг уйдаахааргүй олон сонирхолтой газрууд нэмэгджээ. Тоглоомд Хавана, Нассау, Кингстон гэсэн гурван том хот гарах аж. Мөн түүнээс гадна загасчдын тосгон, ширэнгэн ой модод, цайз бэхлэлт, далайн дундах арлууд, эртний Маяачуудын сүм бунхан, балгасууд, тариалангийн талбай, ангийн урц, харуулын цамхаг, усан онгоцны боомт зогсоолууд гэх мэт тоглогч таны нээн илрүүлж болохуйц 50 гаруй газар бий гэнэ. Хосгүй үнэт эрдэнэсийг өөртөө агуулсан 75 орчим далайн эрэг, хадан цохио, булан тохой, хавцал хад, нууц агуйнууд таныг хүлээж байгаагаас гадна эдгээр газруудаас хөлөг онгоцондоо гишүүнээр элсүүлж болохуйц дориун эрсийг олох боломжтой гэнэ шүү хө. Тоглоомын 60% нь эх газар дээр 40% нь далай тэнгист өрнөнө гэдгийг ч мөн дуулгая.

Мэдээж хэрэг ан хийх бүс газрууд байх нь тодорхой, энэ удаад тэнгис далайд халим загас агнах боломжтой болсон нь үнэхээр догь хэрэг шүү. Энэ тухай олж мэдээд PETA-ынхан яасан гэж санана! хэхэ .... Мөн усан доорх ертөнцийг мартаж хэрхэн болох билээ. Эндээс тоглогч та хуучин живсэн хөлөг онгоцон дотроос алт эрдэнэс болоод бусад ер бусын зүйлсийг цуглуулах болно гээд боддоо. Мөн өмнөх ангиуд дээр гардаг View Point (Өндөрлөг газраас эргэн тойрноо харж, газар нээх), Fast-Travel (Нээгдсэн газруудын хувьд нэгнээс нөгөөрүү богино хугацаанд шилжих), Notoriety (эрэн сурвалжлагдах систем) зэрэг үндсэн механизмууд өмнөх ангиудаас хадгалагдан үлдсэн байна.

Өвөг дээдсийн дурсамжинд байхгүй газруудад хүрвэл Synchronization дамжуулагдахгүй байх аюулд өртөж, тоглоом сүүлийн Checkpoint-с эргээд эхэлдэг байсан шүүдээ, тэгвэл энэ удаад газрын зургийн захаар аюултай хөлөг онгоцнуудыг байрлуулж өгсөн байна. Ингэснээр та хэзээ ч газрын зургаасаа гарч чадахгүй гэсэн үг.

Тоглолт, зэр зэвсэг.

Өмнөх ангиудаас сайжирч, шинэчилэгдсэн зүйлсийн нь талаар бичье л дээ. Энэ удаад тоглоомонд маань бууны гүйцэтгэх үүрэг их болсон байна. Урьд нь бид зөвхөн автоматаар дайснуудруугаа чиглүүлдэг байсан бол энэ удаад бууны онилгоог чөлөөтэй ашиглах боломжтой болжээ. Дуртай зүгрүүгээ чиглүүлээд л гохоо дарахад гүйцээ. Харин тоглогч та гох дарахын зэрэгцээ сумнаас бултах ёстойгоо битгий мартаарай, яг л бусад гуравдугаар биеийн тоглолттой тоглоомнууд шиг. Мөн Эдвард маань биедээ 4 гар буу авч явах бөгөөд эдгээр буунуудаараа угсруулан буудаж комбо хийж дөнгөнө гээч. Илдний тухайд гэвэл хоёр илдийг зэрэг ашигладаг болжээ. Тэгэлгүй яахав, ассассины үндсэн зэвсэг болох далд хутгыг хэрхэн мартаж болох билээ. Хамгийн сонирхолтой нь, та илдээр тулалдаж байх үедээ давхар далд хутга буюу hidden blade-ээ ашиглах боломжтой юм. Усан доорх ертөнцийн хувьд мөн тулалдааны системүүдийг боловсруулсан талаараа хөгжүүлэгчид ярьж байсан шүүдээ. Тухайлбал усан доор махчин загас, халимтай тулалдах ч юмуу. Энэ мэт олон шинэлэг зүйлс нэмэгджээ. Мөн тэдний хэлж буйгаар тоглоомын үндсэн зорилго нь "Exploration" буюу нээлт хийхэд орших гэнэ.

Үндсэн даалгавраас гадна олон тооны нэмэлт quest, даалгаврууд нэмэгдэх нь тодорхой. CGI трэйлэр дээр гардаг архины мухлагийн зодооноос эхлээд л төрөл бүрийн сонирхолтой даалгаврууд таны хүлээж байгаа шүү. Цуглуулбал зохих нэмэлт эд зүйлс, материалууд, алт эрдэнэс тэргүүтэй эдгээр зүйлс нь урьдын адил тоглоомыг бас чимж өгжээ.

Далай тэнгисийн тулалдаан.

Тоглоомын 40% нь тэнгис далайд өрнөх болно. ACIII дээр зөвхөн даалгаврын дагуу л хөлөг онгоцоор явдаг байсан бол энэ удаад сонголт хийх эрх таных болсон байна. Хэрэв та санаж байгаа бол яг л "Sid Meier's Pirates!" [2004] тоглоомын 3-р биеийн хувилбарыг тоглож байгаа мэт санагдах вий. Дайсантай тулалдаад тэдний хөлгийг олзолж авсан тохиолдолд хөлгийн гишүүдийг өөрсдийн талд нэгтгэх, дайсны хөлөг онгоцыг эзлэн авах, эсвэл эвдэлж задлаад өөрийн хөлөг онгоц болох Jackdaw-ыг засварлах гэсэн гурван сонголт гарч ирэх нь. Мөн далай тэнгисийн шуурга, аянга цахилгаан, аадар бороо, хүчит давалгаа, махчин загасны довтолгоон гээд гэнэтийн адал явдлууд олон бий бөгөөд энэ бүгдээс шалтгаалаад хөлгийн гишүүд санамсаргүйгээр үрэгдэх тохиолдол бий гэнэ шүү. Харин дайсантайгаа тулалдах үедээ тэднийг хэрхэн устгах сонголтыг мөн л та өөрөө мэдэж шийдвэрлэх хэрэгтэй болно. Зөвхөн хөлгийн ахмадыг нь алсаас буудаж унагах аль эсвэл тулж очоод дэгээгээр оосорлож аваад хөлгийн тавцан дээр газардах зэрэг маш олон боломжтой болжээ. Онгоцны шураг дээрээс олсны тусламжтайгаар агаарт дүүлэн эсрэг талын хөлөг онгоцон дээр газардах гэсэн гоёмсог акробат хөдөлгөөн нэмэгдсэн байна, үүнийг та бүхэн трэйлэр дээрээс харсан байх. Мөн тостой торх далайд хаяснаар ардаа байгаа дайсны хөлгийг устгах боломжтой болсон нь сайн хэрэг шүү. Хөлөг онгоцоо засварлаж сайжруулахаас гадна багийн гишүүдээ хүртэл хувцаслаж болохнээ. ACIII дээр тоглогчдын хувьд хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан бэ гэж асуувал гарцаа байхгүй тэд хөлөг онгоцны тулаан гэх байсандаа. Тэгвэл энэ удаад маш том open-world ертөнцөд хүссэн зүгрүүгээ, хүссэн газарруугаа хөлгийн залуурыг мушгих эрх таны гарт хүрч очлоо.

Зохиол.

Ерөнхийдөө тодорхой болсон байгаашүүдээ. Гэхдээ Эдвард Кенвайн гол дайсан этгээд хэн бэ? Эдвард хэрхэн ассассинуудтай холбогдох бол? Темпларуудыг хэрхэн харуулах вэ? Хэйтам гарах болов уу? Абстергод чухам ямар үйл явдал өрнөх вэ? гэх мэт олон сонирхолтой асуултын хариулт одоохондоо нууц байна.

Онцгой багц.

Таван төрлийн онцгой багц зарлагдсан байна. Уншигч та ч мөн адил эдгээр багцаас худалдан авалт хийх бүрэн боломжтой юм. Мөн PS3 болоод PS4 платформууд дээр 60 минутын нэмэлт тоглолт нэмэгдсэн байх бөгөөд PS Vita-ын хувилбар болох "Assassin's Creed III : Liberation"-ын гол дүр Авелин ди Гуандпуэ гарах гэнэ. Ха, энэ тухай мэдээлэл PS4 vs Xbox One хэрэглэгчдийн дунд бас нэгэн хэрүүлийн алимны тарьсан гэдэгтэй өөрийнх дээрээ мөн таны толгойг тавиад мөрийцөхөд ч бэлэн байна. Ингээд дор хамгийн гоёмсог Black Chest Edition-ы зургийг хавсаргалаа. Бусад онцгой багцуудын хувьд дотроо Эдвардын барималтай, барималгүй болоод модон болон төмөр хайрцагтай гэдгээрээ л ялгарах аж.



Компьютерээс шаардагдах үзүүлэлт.

Хамгийн багадаа :
Үйлдлийн систем:    Windows Vista 32 bit
Процессор:                Core 2 Duo E6700 2.66GHz / Athlon 64 X2 Dual Core 6000+
Санах ой:                   3 GB
Хэмжээ:                     20 GB
Видео санах ой:        512 MB
Видео карт:               GeForce GT 440 GDDR5 / Radeon HD 3870
Sound Card:               DirectX Compatible
Интернет:                  Broadband Internet Connection
Direct X:                    Direct X 10
   
Хамгийн ихдээ :
Үйлдлийн систем:    Win 7 64 bit
Процессор:                Core i5-670 3.46GHz / Phenom II X4 905e
Санах ой:                   6 GB
Хэмжээ:                     20 GB
Видео санах ой:        1 GB
Видео карт:               GeForce GTX 650 / Radeon HD 7750 GDDR5
Дууны карт:              DirectX Compatible
Интернет:                  Broadband Internet Connection
Direct X:                    Direct X 11

Screenshots.
Тоглоомын зурагнуудыг эндээс сонирхоорой. => Gallery

Trailer.
"Assassin's Creed IV" [Premiere Trailer]
 

"Assassin's Creed IV" [E3 Trailer]


"Assassin's Creed IV" [E3 Gameplay]


"Assassin's Creed IV" [Naval Gameplay] 



9 comments:

  1. Энийг тоглодоггүй л дэ гэхдээ баярлалаа.

    ReplyDelete
  2. баярлалаа их гоё мэдээ байна.Иймэрхүү зүйл л дутаж явлаа.Цаашдаа илүү их мэдээлэл хүргээрэй.Амжилт хүсье.

    ReplyDelete
  3. yyyoh za ergen irjee khusleen heheh niitleed baigaarai

    ReplyDelete
  4. Таалагдлаа , баярлалаа. Амжилт

    ReplyDelete
  5. Khuslengiin tanin medehuin blog chini yu bilee?

    ReplyDelete
    Replies
    1. Одоохондоо нээгдээгүй байгаа.

      Delete
  6. Хүслэнд амжилт өшөө их мэдээлэл оруулаарай.

    ReplyDelete