Wednesday, July 17, 2013

#1 | Оркуудын тухай.

Сайн уу, юу байцгаанадаа. Тэгэхээр та бүхэндээ зориулаад үлгэр домгийн болоод ... байзаарай, миний бие нь тэр гээгүй тэд гэснийг анзаарсан байхаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл гайхалтай хийгээд аймшигтай, ер бусын басхүү өвөрмөц хэсэг бүлэг бодьгалиудын тухай танилцуулах зорилгоор энэхүү цуврал нийтлэлээ эхлүүлж байнаа. Ингээд эхний удаад Оркуудыг танилцуулахыг зорьлоо. Харин дараа дараагийн дугааруудад элфүүд, одой нар, гоблинчууд, зомби нар, цус сорогч нар ... гэх мэтчилэн танилцуулах болноо :) Мэдээж хэрэг эдгээр амьтадгүйгээр видео тоглоомын ертөнцийг үнэхээр төсөөлөхийн аргагүй шүүдээ. За ингээд Оркууд!

[Ү]үсэл гарал

Уншигч таныг би "Бөгжний Эзэн" зохиолыг уншаагүй гэвэл огтхон ч гайхахгүй, харин Петер Жексоны найруулан тавьсан кино бүтээлийг нь үзээгүй гэвэл, аяа сэрэл мэдрэмжгүй чамайг аянга цахилгаан ниргээсэй билээ гэж хэлэхээс өөр аргагүйд хүрэх юмшүү. Киноны хувьд бол мэдээж хэрэг ном зохиолоос сэдэвлэгдсэн нь тодорхой. Харин тэрхүү зохиолыг та биднийг байтугай, таны бас миний эцэг эхийг, зарим нэгний нь бүр өвөө эмээ нарыг мэндлээгүй байх үед Английн зохиолч Жон Роналд Рэүл Толкиен гуай бичсэн юм шүүдээ. Чухам энд л хамгийн анх Орк гэсэн нэр дурьдагдсан байна. Тэд бол ууртай, догшин, хүн төрхтэй, гэхдээ илүү хүчирхэг бас дайчин боловч царай муутай амьтад юм. Энэ тухай удахгүй дэлгэрэнгүй ярих учраас энэ хүргээд түр мартъя. Харин Толкиен гуайн "Бөгжний Эзэн", "Хоббит" болоод "Силмариллион" зэрэг туужууд дээр Оркуудын тухай ихээхэн өгүүлдэг бөгөөд чухам тэр цагаас эхлээд л Оркуудын нэр алдар дэлхий даяар цуурайтаж эхэлсэн байна. Орчин үеийн Англи хэлний толь бичигт Орк гэдэг маань "Чөтгөрийн төрөл" гэсэн тайлбартайгаар бичигдсэн байдаг бөгөөд Толкиены зохиосон Элф хэлнээ бол Орк нь 'Orq' буюу Чөтгөр, мангас, Огре гэсэн утгатай аж. Харин олон тоон дээр 'Orqui' болно. "Силмариллион" дээр тэдний үүсэл гарлын тухай дурьдах агаад Мелкорын бохир цуснаас тэднийг төрсөн гэдэг юм. Мелкор буюу Моргот, цагтаа тэр валар (Арда гаригийн хамгийн анхны бодьгалиуд бөгөөд нийт 14 валар байдаг байна.) байсан юм, цөвүүн цагт тэр дайсан урвагч болж хамгийн анхны харанхуйн ноён болсон билээ. Ардагийн гайхамшигууд болох Хелкарын Иллиун, Ринголын орой дахь Ормал болоод алт мөнгөн хоёр мод Лаурелин,Телперионыг устгасныхаа дараагаар Дундад Газарт ирж Мордорын ууланд тэр бүгсэн байна.

[Г]адна төрх, шинж чанар

Мөн Толкиен гуай зохиолууд дээрээ Гоблинчуудын талаар бичсэн байдаг. Жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй тэд агуйд амьдрах агаад Манант Уулын хад агуйд бүгдэг байна. Харин тэднээс хувь илүү том биетнүүдийг нь Оркууд гэж нэрлэжээ. Хүнтэй харьцуулбал жижиг биетэй, ухааны тал дээр биднээс нэг их гавьж чадахгүй ч гэлээ хүчирхэг бөгөөд харагдаж байгаа шигээ дайчин амьтад юм. Майга хөлтэй, урт гартай, хар гэзэгтэйгээс гадна тэдний арьс нь үнсэн саарал, хар бас хар ногоон өнгөтэй аж. Хэдий тийм ч гэлээ тэдний гайхалтай хүчирхэг дайчид гэдэг нь удаа дараагийн тулалдаанууд дээр батлагдсаар иржээ. Хүчирхэг дайчин баатар бүр сайхан сэтгэлтэй байдаг гэж бүү бод. Харин ч тэд харгис хэрцгий бөгөөд улаан цусыг урсгаж, мах арьсыг тас татахаар архиран улангассан араатнууд билээ. Хамгийн аймшигтай нь тэд хүний махан хүнстэнгүүд юм. Ердөө л тэднийг үзэшгүй муухай мангасууд басхүү хорт зэвүүн дайснууд болгон дүрсэлсэн байна.

Айзенгардын оркууд бас Мордорын оркууд гэж бий. Тэд хоорондоо адилгүй. Мордорын оркууд илүү хүчирхэг, том бөгөөд тэднийг Урук-Хай гэж нэрлэдэг юм. Ер нь Урук-Хай гэдэг нь "Орк ард" гэсэн үг. Илд хуягаар өвч зэвсэглэсэн тэд хүнтэй адил өндөртэй бөгөөд илүү хүчтэй догшин бас хэрцгий. Харин Айзенгардад, өвгөн шидтэн Саруманы гарт бэсрэг биетэй жирийн оркууд харъялагдаж байлаа. Яг л дээр дурьдсан шиг намхан, үнсэн саарал арьстай хүчирхэг бас догшин. Хэдий тийм ч Саруман өөрийн гэсэн Урук-Хайн хүчирхэг дайчдыг буй болгоод зогсохгүй Луртсээр удирдуулсан салааг Амон Хенрүү явуулж, харин дараагаар нь бүхэл бүтэн Урук-Хайн армийг Хелмийн Гүн-рүү илгээдгийг санаж байгаа биздээ? Мөн тэд Саруман болоод Сауроны дараагаар 3-рт орох Дундад Газрын хамгийн аймшигт дайснууд мөн билээ. Тэдний гарт олон баатар эрс амь үрэгдсэний дотор Гундабад ууланд, Мориан агуйд, Кхазад Думд хүйс тэмтрүүлсэн олон одой нар, мөн Роханы Теоден хааны хүү Теодред, Гондорын баатар Фарамирын дүү Боромир, Торин Царсан Бамбайн өвөө Трор зэрэг олон шилмэл дайчдыг дурьдаж болох юм.

[А]ж амьдрал

Энэ талаар Толкиен гуай нэг их зүйлийг бичээгүй бөгөөд Морготын дараагаар өөрсдийн гэсэн хот улсыг байгуулсан талаар нь товчхон дурьдаад л өнгөрдөг байна. Угийн тэд дайчин бас нүүдэлчин ардууд юм. Мөн тэдний агаарт далайх илд болоод нумын хөвчнөөс тасран хийсэх суманд нь үхлийн аюултай хор шингэсэн байдаг гэвэл та итгэх болов уу, таны л мэдэх хэрэг. Мөн тэднийг хүний махаар хооллодог тухай дээр бичсэн шүүдээ. Тэрбүү хэл тэднийг маш ихээр өлссөн үедээ өөрийн оркуудын махыг идэхээс ч сийхгүй өлсгөлөн амьтад хэмээн дүрсэлсэн байна. Тийм учраас ууртай, хэрцгий тэд дургүй нь хүрвэл нэгнээ хүйс тэмтэрч орхих нь бараг л хэвийн үзэгдэл ажээ. Өөрсдийн хачин эвгүй аялгаар тэд хоорондоо ойлголцдог бөгөөд дуулна гэдэг нь үнэндээ хахир төмөр хавиралдаж буй гэлтэй сонсогддог байна.

==============================================================

WarCraft
Харин WarCraft дээр бол огт өөр шүү. Тэднийг илүү баатарлаг бас хүчирхэг хийгээд гайхалтай өвөрмөц соёл иргэншлийг цогцлоож чадсанаар дүрсэлжээ. Азеротын ахин давтагдашгүй гайхамшигт үндэстний нэг болсон тэд хэдий Драэнорт мэндэлсэн ч Харанхуйн Гарцаар дамжин ирж хүмүүн төрөлхтний үр садтай тулалдаан хийдэг байлаа. Гэвч хаанаас ирсэн нь үл мэдэгдэх аймшигт дайсан тэдний хувьд нэг байх агаад хүмүүний эсрэг тэмцэл, тулааныг түр умартаж харин ч хамтдаа Чөтгөрийн Арми (Undead)-ийг устгахаар тэд шийджээ. Тэднийг Дуротаны хүү Тралл удирдаж байлаа. Залуухан бас хүчирхэг мөн биендээ баймгүй ухаалаг Орк дайчин эр. Дараа нь тэд өөрсдийн зүүн хаант улсыг Калимдорруу нүүлгэн иржээ.

Тэдний биеийг дүрсэлвэл 250-300 паунд жинтэй 6-7 фит өндөртэй тул хүнээс том биетэй гэдэг нь ойлгомжтой биз. Харин тэдний эмэгтэйчүүд нь эрэгчингүүдээсээ арай нуруу намтай бөгөөд 50-100 паундаар хөнгөхөн байдаг нь тэдний араг ясны бүтэцтэй холбоотой юм. Мөн л Толкиены зохиол дээр гардаг шиг тэднийг төрөлхийн дайчин ардууд хэмээн өргөмжилжээ, ялгаа нь гэвэл тэд хүний махан хүнстэнгүүд биш юм. Бүр өөрсдийн гэсэн соёл иргэншилтэй бөгөөд нүүдлийн амьдралаар амьдарч, бөөгийн онгод сахиусыг тэд шүтдэг. Дөнгөж төрсөн хүүхдээ тэд суурингийн задгай хэсэгт цугласан оркуудын дунд өргөмжилж өөрсдийн ариун ёс заншлаар адисладаг байна. Эмэгтэй оркуудын хувьд эрчүүдээс дутахгүй чадалтай бөгөөд хүйснээс хамаарсан элдэв харилцаа тэнд огт байхгүйэ. Тийм болохоор яг л эрчүүд шигээ илд дуулга агсаад тулааны талбарруу явж байх нь ердийн үзэгдэл юм. Тэдний хувьд амьдралын нь эрхэм зорилго, юугаар ч сольшгүй үнэт зүйл нь гэвэл нэр алдар билээ. Тулалдааны талбарт Орк үндэстний төлөө амиа өгсөн дайчныг тэд хэнээс ч илүүд хүндэтгэн үзнэ. Товчхондоо бол тэд өөрсдийн омог үндэстэн, өөрсдийн бахархлын төлөө хэзээ л бол хэзээд амиа өгөхөд бэлэн байдаг аж. Мөн тэд өөрсдийн гэсэн хаан удирдагчтай, мөн өвгөд дээдэс үүх түүхээрээ бахархах дуртай улс. Харин хэзээ ч болж өнгөрсөн зүйлд харамсдаггүй нь магадгүй тэдний гайхалтай нэгэн чанар байж мэдэх юм.

Warhammer 40.000
Шинжлэх ухааны зөгнөлт тоглоом тул энэ ертөнцөд эдгээр Оркууд буу зэвсэг агсаж, машин техник унаж байгаад битгий гайхаарай. Шимпанзе шиг богино хөл гартай бөгөөд тэдний толгой нь байж боломгүй том хэмжээтэй. Ухаан муутай мулгуу талдаа боловч тэдний сорууд нь гайхамшигт зэвсэг техник, хуягт хэрэгсэл бүр хөлөг онгоцнуудыг хүртэл урлаж чадна гээч. Цусанд улайрсан тэдгээр дайчдын тулалдана, дайтна гэдэг нь чадварлаг гэж жигтэйхэн. Мөн тэд хэзээ ч аль нэгэн улстай эв найрамдлын гэрээ тогтоон хамтарч байгаагүй гэдэг. Харин Гоблинчуудын хувьд ярьвал WarHammer дээр Грэтчин болоод Снотлингууд болж байгаа юм. Оркууд тэдэнтэй холбоо тогтоосон боловч төд удалгүй хөөрхий оркоидууд болсон Гоблинчуудыг торгуулийн суман хэлбэрээр ашиглаж, бүр зарц боолоо болгоод зогсохгүй хэрэг болвол хэрэглэж байхаар хүнс хоолоо болгож орхижээ.

Elder Scrolls
Хүн төст төрхтэй бөгөөд залуугаараа үхэхээс ч буцахгүй дайчид Тамриелд аж төрдөг юм гэнэ. Хүнээс гажууд том биегүй ч гэлээ ялгаа нь гэвэл шөрмөслөг бас өндөр. Мэдээж хэрэг зэвхий саарал арьстайгаас гадна доод эрүү нь хөгжиж, хурц соёо шүд ургажээ. Тэд анх элфүүд байсан гэдэг. Мөн тэднийг Орсимеричүүд гэж нэрлэдэг байлаа. Триминакыг даган нүүдэллэж, удалгүй Триминак бурхан Даэдрикын ханхүү буюу Боэтиагийн Малакат болох тэр үед Орсимэричүүдийн алтан шаргал арьс нь гандан зэвхийрч ногоон өнгөтэй болоод зогсохгүй үзэсгэлэнт төрх нь гундаж үзэшгүй муухай араатнууд болон хувилжээ. Гэхдээ л тэдний гайхалтай тулааны чадвар мөн эр зориг, дайчин шинж чанар нь хадгалагдан үлдсэн байна. Мөн тэд Тамриелын хамгийн сайн дархчуулын нэг нь билээ.

Энэ мэт дурьдвал тоймгүй олон тоглоомд Оркууд маань голлох биш ч тун онцгой үүргийг гүйцэтгэдэг юм шүү ....

Дараагийн дугаарт Зомби нар, харин тэрний дараад Нацистуудыг танилцуулах болноо :)

9 comments:

  1. Бөгжний эзэн, Варкрафт 2 дээр ялгаж тайлбарласан их таалагдлаа Хүслээн!

    ReplyDelete
  2. Тхаралл биш Тралл гэх нь зөв байхаа

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байна, одоохон засчихъя ;)

      Delete
    2. Бөгжний эзэн , хоббит боть номнуудыг нь уншхад киноноосоо хамаагүй илүүлдээ. Угийн номонд илүү дэлгэрэнгүй ойлгомжтой бүрдийг багтааж болдгоос хойш. Ер нь л амьд явах насандаа 1 унших л хэрэгтэй дээ.

      Бичсэн чинь таалагдлаа , яг өмнөх шигээ байна шүү

      Delete
  3. Warcraft-iin Orc l hamgiin goy sanagddag :p

    ReplyDelete
  4. Faramir iin ah Boromir shvv. Joohon anduursan baina teren deer. Uneheer goi niitlel boljee , !

    ReplyDelete
    Replies
    1. T.I.L Faramir is Boromir's younger bro! Одоо л мэдэж авлаа, баярлалаа :D

      Delete